“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулан, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого оруулав.
Тус компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3, нүүрс тээврийг 3.5, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн цахим арилжааг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 57 удаа зохион байгуулж, 955.1 сая ам.долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай, 3 сая тонн нь сул коксжих, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байв. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж, орлогоо нэмснээр гадаад валютын нөөц арвижиж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байгааг тус компани мэдээллээ.