Украины армийн ерөнхий командлагчийн туслах төрсөн өдрөөрөө найзуудаасаа гранат бэлгэнд авчээ. Гэвч 13 настай хүү нь гранатыг санамсаргүйгээр дэлбэлсний улмаас тэр амиа алдсан байна.
Валерий Залужныйгийн туслахаар ажиллаж байсан хошууч Геннадий Частяков даваа гарагт төрсөн өдрөөрөө "барууны загвар"-ын гэсэн хэд хэдэн гранат бүхий бэлгийг найзуудаасаа бэлгэнд авсан тухай Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко Telegram хуудсандаа бичжээ.
Дараа нь Частяковын 13 настай хүү гранатуудын нэгийг авч, түгжээг мулталсан аж. Частяков түүнээс гранатыг булаан авах үед түгжээ нэгэнт сугарч, дэлбэрсэн байна. Украины Зэвсэгт хүчний командлагч Залужный "Телеграм" хуудсандаа "туслах, дотны найз" нь "эмгэнэлтэй нөхцөл байдалд" нас барсан гэж бичжээ.
Цагдаа нар орон сууцнаас дахин таван тэсрээгүй гранат олсон гэж Клыменко хэлэв. Туслахын хүү дэлбэрэлтийн улмаас хүнд бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаа гэж Киевийн бүс нутгийн цагдаагийн газраас мэдээлэв.
Л.Сайнаа