“Монголын Хөрөнгийн бирж” ХК энэ оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа.
Үнэт цаасны арилжааны үзүүлэлтээр гол үзүүлэлт ТОП-20 индекс 2023 оны эхний хагас жилд 40,386.51 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 35,154.41 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,315.18 нэгж байв.
Зах зээлийн үнэлгээ 10.99 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.15 их наяд төгрөг буюу 127.26 хувиар өсжээ. Оны эхэнтэй харьцуулахад 4.2 их наяд төгрөг буюу 61.86 хувиар өссөн байна.
МХБ ХК эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ.
Тайлант хугацаанд улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.
Нүүрсний цахим арилжаагаар 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжжээ.
Нүүрсний арилжаа: “Монголын Хөрөнгийн бирж” ХК өнгөрсөн хугацаанд 54 удаагийн нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжжээ. Тодруулбал:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,152,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсийг 564 тэрбум төгрөгөөр, 1,043,200 тонн 1/3 коксжих нүүрсийг 325.4 тэрбум төгрөгөөр, 371,200 тонн эрчим хүчний нүүрсийг 87.7 тэрбум төгрөгөөр,
“Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 148 тэрбум төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 243,200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 162 тэрбум төгрөгөөр,
“Хангад Эксплорейшн” ХХК-ийн 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 26.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа.
Шинэ бүтээгдэхүүн: 2023 оны эхний хагас жилд системийн 5 банк олон нийтэд хувьцаагаа санал болгож, нийт 302.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, олон нийтэд нээлттэй компани болсон. Мөн үндэсний “Газар шим үйлдвэр” ХК нь МХБ-д бүртгүүлж олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжсанаар 10.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ.
Мөн “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 9 тэрбум төгрөгийн, “Бичил Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болгож, анхдагч зах зээлд арилжжээ.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилд "Сэндли ББСБ" ХК-ийн 8.5 тэрбум төгрөгийн, “Инвескор ББСБ” ХК-ийн 3-р транчийн 10.0 тэрбум төгрөгийн болон “Бизнес Инвестмент Девелопмент ББСБ” ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулав. Эдгээр компаниуд анхдагч зах зээлд бондоо санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны эхний өдрөө захиалга нь 100 хувь биелж, хөрөнгө оруулалт татав.
Сэтгэгдэл (2)