Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Гомбожавын Гонгоржавын 9 дэх удаагийн бие даасан “Чулууны хээ-9” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж байна.
“Чулууны хээ-9” хэмээх үзэсгэлэнд байгаль дэлхийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээт, олон ургалч хэв маягийг уралдуулсан тэдгээр уран туурвилд хүмүүний ертөнцийн гадаад төрх, үйл хөдлөл, ааш аяглал, хүсэл тэмүүлэл, шүтлэг, зан үйл хэрхэн тусгалаа олжээ.
Элдэв төрлийн эрдэс чулуулаг, тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлсэн байна.
Тус үзэсгэлэн 2023 оны 11 дүгээр сарын 03-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Эх сурвалж: Соёлын яам