Баасан гаргийн шөнө Балбын баруун хойд нутгийн алслагдсан хэсэгт газар хөдлөлт болж, олон барилга, байгууламж нурсны улмаас урьдчилсан байдлаар 157 хүн амь үрэгдсэн тооцоог гаргажээ.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан бөгөөд Балбын Жумла хотоос 42 км-ийн зайд (26 миль орчим) Карнали мужид болсон байна. Харьцангуй гүехэн 18 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд чичиргээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот хүртэл мэдрэгдсэн байна.
Балбын цагдаагийн төлөөлөгч Кубер Кадаят "Одоогоор бид зөвхөн эрэн хайх, аврах ажиллагаанд анхаарлаа хандуулж байна. Тийм учраас нурсан, эвдэрсэн байшин болон бусад дэд бүтцийн зөв тооцоо хараахан гараагүй байна. Байшингийн 90 орчим хувь нь нурсан зарим тосгон байдаг" гэж CNN агентлагт ярьжээ.
Кадаятын мэдээлснээр, одоогийн байдлаар 157 хүн нас барж, 170 хүн шархадсан нь 2015 оноос хойших хамгийн олон хүний амь насыг хохироосон тохиолдол болжээ. Газар хөдлөлтийн голомттой ойролцоох Жажаркот дүүрэгт 105 хүн нас барж, 55 хүн шархадсан нь тогтоогджээ. Ойролцоох Рукум Баруун дүүрэгт 52 хүн амиа алдаж, 85 хүн шархадсан байна.
Л.Сайнаа