Женсен Хуанг, Лиза Су хоёр ижил төстэй зүйл ихтэй. Nvidia ( NVDA ) болон AMD ( AMD ) компанийн гүйцэтгэх захирлууд бол дэлхийн хиймэл оюун ухааны чипний салбарын хамгийн хүчирхэг хүмүүс төдийгүй гэр бүлийнхэн юм. Үүнийг анх 2020 онд Су хүлээн зөвшөөрсөн бөгөөд саяхан Тайваний угийн бичигч Жан Ву дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
Тэд хамт өсөөгүй ч нэг гэр бүлээс гаралтай байгаа нь салбартаа томоохон өрсөлдөөнийг өдөөж буй компаниудын хувьд эвээр ярилцаж, шийдэлд хүрэх гол хөшүүрэг болж магадгүй гэж ажиглагчид харж буй. Тэдний гэр бүлийн түүх нь Тайванийн арлаас үүсэлтэй аж.
Су бол Хуангийн авга ахын ач охин. Өөрөөр хэлбэл тэд үеэлүүд юм. Олон нийтийн гэрчилсэн бүртгэл, сонины хайчилбар зэргийг судалж, Хуангийн ойр дотны гэр бүлийн гишүүнтэй ярилцлага хийснээр тэдний харилцааг тодорхойлсон байдаг. 2020 онд болсон Хэрэглэгчийн Технологийн Нийгэмлэг (CTA) арга хэмжээний үеэр асуухад Су "Бид холын хамаатан садан" гэж хэлээд инээмсэглэсэн удаатай.
Nvidia-ийн хэвлэлийн төлөөлөгч мөн Хуанг ээжийнхээ гэр бүлээр дамжуулан Сутай холын үеэл байсан гэдгийг баталжээ. Хуан энэ түүхийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Су тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй хэвээр байгаа. Тэдний энэхүү холбоо хамаарал нь салбарынхны анхаарлыг татаж эхлээд байгаа. Су, Хуан нар зургаан насны зөрүүтэй Тайваньд төрсөн. Онлайнаар Reddit болон бусад форумын хэрэглэгчид энэ давхцлын талаар шуугиан дэгдээж эхлэх үед тэдний ургийн модны бичиг олон нийтийн сүлжээгээр тархсан юм.
Дэлхийн хамгийн чухал технологийн төлөөх тэмцэл” номын зохиолч Кристофер Миллер эхэндээ ч бас энэ мэдээг сонсоод ихэд гайхсан гэжээ. "Гэхдээ чип үйлдвэрлэлийн салбарт Тайвань гаралтай хоёр хүнийг олох нь гайхах зүйл биш" гэж тэр CNN-д ярьсан.
Төөрөлдсөн түүх
Хуан 1963 онд өмнөд хэсгийн Тайнань хотод нүүхээсээ өмнө Тайбэй хотод төрсөн. Дараа нь түүний гэр бүл эцгийнхээ газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахаар Тайланд руу нүүжээ. Хуанг есөн настай байхад Зүүн өмнөд Азийн тус улсад болсон улс төрийн үймээн самууны улмаас эцэг эх нь түүнийг ахтайгаа хамт АНУ-ын Вашингтон муж дахь хамаатан садныхаа гэрт богино хугацаанд амьдруулахад хүргэж, ах дүү нараа Кентакки муж руу явуулсан байна.
Энэ хооронд Су 1969 онд Тайнан хотод төрсөн аж. Тэрбээр өмнө нь АНУ-ыг зорьж, гурван настайдаа Нью-Йорк хотод цагаачилжээ. Тэд хоёул бие биеэсээ хол өссөн ч насанд хүрэгчдийн адил зам мөрийг туулсан.
Су Массачусетсийн Технологийн Их Сургуульд, Хуан Орегон мужийн Их Сургууль, Стэнфордын Их Сургуульд суралцаж, цахилгааны инженерийн чиглэлээр ижил мэргэжлийг сонгосон нь бүр ч хачирхалтай. Хожим нь тэд хагас дамжуулагчийн хурдацтай хөгжиж буй ертөнцөдхөл тавихдаа өөр өөр компанид ажиллаж байсан ч нэг ажил олгогчтой байсан гэдэг. 1993 онд Nvidia-г эхлүүлэхийн өмнө Хуан AMD-д микропроцессор зохион бүтээгчээр ажиллаж байсан. Мэдээжийн хэрэг Су ч бас 20 жилийн дараа AMD-д ахлах дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Үеэлүүд өрсөлдөгч болсон нь
Одоо хоёул удирдах албан тушаалтай Калифорниа мужийн Санта Клара хотод байгаа. Тус тусын төв оффис нь хоорондоо 5 минут яваад л хүрэх зайтай байдаг.
McKinsey-ийн мэдээлснээр тэдний компаниуд 2030 он гэхэд нэг их наяд долларт хүрэх аж үйлдвэрийн салбарт тэргүүлэгч технологийн компаниудад техник хангамж, программ хангамж зарна. Хамгийн сүүлд гаргасан жилийн тайландаа AMD нь Nvidia-г тоглоомын болон дата төв гэсэн дөрвөн үндсэн чиглэлийнхээ хоёрт нь шилдэг өрсөлдөгч хэмээн нэрлэжээ.
Энэхүү пүүсүүд нь видео тоглоомд дүрслэл үзүүлж, тэдгээрийг амьдралд оруулахад тусалдаг GPU буюу график боловсруулах нэгжийг зардгаараа тоглоомчдын дунд алдартай.
Л.Сайнаа