Монгол Алтайн нуруунаас МЭӨ 12-10 мянган жилийн өмнөх хадны сүг зургийг Орос, Монголын археологичдын хамтарсан баг олжээ.
Энэ талаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн археологи, палеометаллын тасгийн эрхлэгч Вячеслав Володин сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Укок өндөрлөгийн эсрэг талын ОХУ-тай хил залгаа орших нутгаас археологийн хэд хэдэн дурсгал олдсон. Тэдгээрийн дотроос хамгийн гайхамшигтай нь Бага-Ойгур-5 гэдэг дурсгал юм. Энэ газраас бид өнөөдрийг хүртэл мэдэгдэж буй сүг зургуудаас хамгийн эртний хадны зургийг олсон. Эдгээр зураг нь плейстоцений үеийн төгсгөл, холоцены эхэн үед хамаарах Калгутин хэв маягийн зургууд юм " гэж тэрбээр ярилаа.
Археологичид эртний хүмүүс хадны сийлбэр зураг зурдаг ойролцоогоор 20х20 метр талбай бүхий чулуун "хавтан" олсон бөгөөд тэдгээр зургуудын хамгийн эртнийх нь 10-12 мянган жилийн настай гэж В.Володин тайлбарлав.
"Хорь гаруй гайхалтай зохиомж олдсон. Морины зургуудаас гадна бух, буга, могойг дүрсэлсэн байсан. Эдгээр нь тус тусдаа бие даасан зураг биш, харин бидэнд Монгол Алтайн нутагт амьдарч байсан хүмүүсийн зан үйлийн талаар илүү тодорхой мэдэх бүхэл бүтэн цогц зохиомж юм" гэж тэрбээр хэлэв.
Калгутин хэв маягийн хадны сийлбэр бүхий ийм дурсгалт газар Орос, Монголын хил дамнан орших Алтайн нурууны нутаг дэвсгэрээс анх удаа олдсон гэж Оросын эрдэмтэн онцолжээ.
Дронууд ашиглан уулын зургийг авсан тул эртний зургуудыг нарийвчлан судлахын тулд бүх зургийг сантиметрийн нарийвчлалтайгаар дэлгэн байрлуулах боломжтой болсон байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл (2)