Хэллоуин монголчууд бидний тэмдэглэх дуртай баярын нэг болж, энэхүү “аймшигт” өдрийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс олон болсон. Дуртай баярынхаа анхны гарал үүслийн тухай мэдэж, орчин үед энэ баяр хэрхэн хөгжин дэлгэрч байгаа тухай мэдэцгээе.
Хэллоуины гарал үүсэл
Хэллоуин гэх баяр эртний Кельт үндэстний уламжлал болсон Савин (Samhain гэж бичигддэг ч Савин гэж уншигддаг) наадмаас үүсэлтэй юм. Өнөөдрийн Ирланд, Их Британи ба хойд Францын газар нутагт 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүд шинэ жилээ арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байсан юм. Тэд энэ өдөр ургац хураалт ба зуны төгсгөл ирлээ гэж үздэг байжээ. Тиймээс харанхуй, хүйтэн өвлийн эхлэл энэ өдөр ирж байгаа нь тэр. Кельтүүд шинэ жилийн өмнөх шөнө амьдрал болон үхэгсдийн ертөнцийн хил зааг арилж, хоёр тив нийлдэг гэж итгэдэг байв. Ийм учраас л аравдугаар сарын 31-ний шөнө тэд үхэгсдийн сүнс дэлхий рүү эргэн ирсэнтэй холбогдуулан Савин наадам зохиох болжээ. Өөр ертөнцөөс айлчлан ирсэн сүнснүүд үргэлж асуудал үүсгэн, үр тариа бусниулж, эс үгүй бол Друйд гэх Кельтийн тахилч нарт ирээдүйг зөгнөхөд тусладаг байсан гэнэ. Зарим сайн санаат сүнснүүд тахилч болон бөө нарын амаар айлдвар хийж, хүмүүст харанхуй, хүйтэн өвлийг даван гарахад нь тусалж, итгэл найдвар авчирдаг байжээ.
Савин наадмыг тэмдэглэхдээ Друйдууд аварга том түүдэг асааж, Кельтийн ариун шүтээнүүдэд тахилга болгон үр тариа болон амьтдыг галд өргөдөг байжээ. Наадмын үеэр Кельтүүд гэрээс гарахдаа дэлхийд ирсэн сүнснүүдээс ялгагдахгүйн тулд ихэвчлэн амьтдын толгой, арьсаар хийсэн багт наадмын хувцас өмсөнө. Савин наадам дуусахад тэд ариун түүдгээс нэг, нэг цучил авч гэртээ асаадаг байсан ба энэ нь ирэх өвлөөс өөрсдийгөө хамгаалж буй зан үйл ажээ. Түүнчлэн Кельтүүд Савин наадмын шөнөөр зөвхөн нөхөрсөг сайн сүнснээс гадна муу чөтгөрүүд ч гудамжаар хэсүүчилдэг гэж үздэг тул тэднийг тайвшруулах гэж гэрийнхээ үүдэнд дайлах хоол хүнс, бэлэг сэлт тавьдаг заншилтай байв.
Харин VIII зуун гэхэд Кельтийн газар нутгийг эрхшээж байсан Ромын эзэнт гүрэн Кельтчүүдэд Христийн шашин дэлгэрүүлэх зорилгоор Савин наадмыг ч мөн адил өөрчлөхөөр зорьжээ. Улмаар III пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-нийг "All Saints' Day" буюу бүх гэгээнтэн болон тарчилсан сүнснүүдийг хүндэтгэх ёслолын өдөр болгон зарлаж, харин өмнөх шөнийг нь "All Hallows' Eve" гэж нэрлэсэн нь хэсэг хугацааны дараа Halloween болон хувирчээ. Тэгэхдээ Хэллоуины баярыг тэмдэглэхдээ хүмүүс Савин наадмын уламжлалыг хадгалж үлдсэн тул Кельтийн ёс заншил өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна.
Орчин үеийн Хэллоуин
Орчин үед Хэллоуины баяр шашны бус чинж чанартай болж "trick-or-treat" гэх зэрэг илүү хүүхэд, залуучуудад зугаатай тэмдэглэлт баяр болон хувирсан. Одоо дэлхийн олон оронд энэхүү аравдугаар сарын 31-нийг хүмүүс "аймшгийн" сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биенээ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэж байна.
Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлал
Jack-o'-lantern
"Jack-o'-lantern" гэх хэллэг XVIII зууны үеийн Ирланд ардын үлгэрээс гаралтай юм. Үлгэрт гардгаар Жак нэртэй нэгэн ирланд хүн чөтгөрийг мэхэлж, алимны мод руу авируулжээ. Харин дараа нь тэр модны их бие дээр загалмай зурж, чөтгөрийг занганд оруулж, мөчрөөс буух аргагүй болгосон аж. Хожим нь Жак үхэхдээ өөрийн муу санаанаас болж диваажинд хүрч чадаагүй бөгөөд чөтгөрийг уурлуулснаас болж тамд ч очоогүй гэнэ. Ийнхүү тэр үүрд дэлхий дээр сүнс чигээр тэнүүчлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Чөтгөр түүнийг өрөвдөж, ганцаардсан замыг нь гэрэлтүүлэх зорилгоор түүнд бага зэргийн нүүрс өгсөн гэдэг. Жак тэр нүүрсийг аваад, идэж явсан хулуундаа нүх гарган дотор нь жижиг гал асаажээ.
Орчин үед хүмүүс өөрсдийгөө чөтгөрөөс хамгаалах зорилгоор Jack-o'-lantern-ыг гэртээ эсвэл гэрийнхээ гадаа асааж, Жакийг харуулд гаргадаг болсон байна.
Дүрсгүй шөнө
XVIII зууны сүүлээр Америкт Хэллоуиныг дүрсгүйтэх, тоглоом шоглоомоор хуурч мэхлэх зэргээр тэмдэглэх болсон байна. Хөвгүүд байшин руу эрдэнэшиш эсвэл муудсан ногоо шидэж дэггүйтдэг нь өнөөдөр ч олон хүний дуртай уламжлал болон үлджээ. Өсвөр насны хүүхдүүд хөрш айлаа ариун цэврийн цаасаар ороож, хана руу өндөг шидэцгээн. Эсвэл тэд "Jack-o'-lantern"-уудыг эвдэж, хэмхлэх зэрэг төрөл бүрийн дайралтууд хийдэг байна.
Trick-Or-Treat
Савин наадмын үеэр сүнснүүд гудамжаар зугаалж, энгийн хүмүүстэй холилдох магадлалтай гэж Кельтүүд итгэдэг байлаа. Тэдний бодлоор сүнснүүд гуйлгачны дүрд хувиран гэрийн хаалгыг тогшдог ба хэрвээ гэрийн эзэд тэднийг гар хоосон буцаавал хараагдана гэж айдаг байцгаажээ.
Харин өнөөдөр бяцхан, өхөөрдөм хүүхдүүд айлаас айл хооронд зугаатай хувцас өмсөн чихэр цуглуулдаг болсон билээ. Тэд хаалга тогшин "Trick-Or-Treat" хэмээн орилдог. Trick гэдэг нь чихэр өгөөгүй айлыг сүрдүүлж байгаа хэрэг бөгөөд дүрсгүйтэж, томоогүй хэрэг үйлдэнэ шүү гэсэн утгатай анхааруулга үг юм.
За тэгэхээр, энэхүү зугаатай бас аймар баяртаа эртнээс бэлдэж, аравдугаар сарын 31-ний шөнийг мартагдашгүй өнгөрүүлцгээе!
Сэтгэгдэл (1)