2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн:
- Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 25,289.8 тэрбум төгрөг
- Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2,070.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд хуулийн төсөлд уул уурхайн түүхий эдийн үнэ болоод олборлолтын хэмжээ хэрхэн туссаныг хүргэж байна.
Уул уурхайн голлох түүхий эдийн нөхцөл байдлыг авч үзвэл, Зэсийн үнэ 2023 оны эхний 8 сарын дунджаар 8,387 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 5 хувиар буурсан байна. Чили, Перу дэх уурхайнууд усны нөөц болон ажил хаялтаас шалтгаалсан нийлүүлэлтийн тасалдал үргэлжилж байгаа ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины шалтгаанаар эрэлтийг нэмэгдүүлэх үйлдвэрлэл нэмэгдэж буй шалтгаанаар зэсийн эргэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар 2023 оны дундаж үнэ 8,600 ам.доллар, 2024 онд 9,000 ам.долларт хүрэхээр байна.
Харин алтны үнэ 2022 оны эхний наймдугаар сарын дунджаар 1,918 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 6.0 хувиар өсөөд байна. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж, байнгын өндөр инфляцтай байгаа энэ орчинд алтны эрэлт нэмэгдэж буй. Тэгвэл алтны дундаж үнийг 2023 онд 1,935 ам.доллар, 2024 онд 1,950 ам.долларт байхаар тус тус тооцжээ.
Төмрийн хүдрийн дундаж үнэ 109 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 10 хувиар буурсан байна. Африк, Австрали зэрэг улсууд шинэ уурхайн бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Бразил улс нийлүүлэлтээ жил болгон зургаан хувиар нэмэгдүүлэхээ зарласан билээ. Иймд дундаж үнийг 2023 онд 85 ам.доллар, 2024 онд 75 ам.доллар байхаар тооцсон аж.
Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 2023 оны эхний найман сарын дунджаар 252 ам.долларт өмнөх оны эцсээс хүрч, 31 хувиар буурсан байна. Байгалийн гамшгаас шалтгаалан саатаад байсан Австралийн нүүрсний олборлолт хэвийн болсон. Мөн, БНХАУ бүх төрлийн коксжих нүүрсний татварыг 2022 оны 5 дугаар сараас эхлэн 2023 оны 4 сар хүртэл чөлөөлснөөр нийлүүлэлт нэмэгджээ. Ийнхүү коксжих нүүрсний нөөц дөрвөн сар дараалан өсөж, 2018 оноос хойших дээд түвшинд хүрсэн байна.
Газрын тосны 2023 оны эхний найман сарын дундаж үнэ 80 ам.долларт хүрч өмнөх оны эцсээс 19 хувиар буурлаа. ОПЕК-ийн орнууд зургаадугаар сард 2024 онд олборлох газрын тосны хэмжээг бууруулах шийдвэрээ зарласан. Улмаар газрын тосны үнэ наймдугаар сард 85 ам.доллар болж өмнөх сараас зургаан хувиар өсөөд байна. 2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэж эрэлт багасах төлөвтэй байна. Газрын тосны дундаж үнийг 2023 онд онд 78 ам.доллар, 2024 оны дундаж үнэ 83 ам.долларт хүрэхээр байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)