“Гэндэндарам сан”-аас 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа уран зохиолын орчуулгын шилдэг бүтээлд олгодог “Билигт гүүш” шагнал гардуулах 5 дахь удаагийн ёслол Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд боллоо.
Монголын зохиолчдын эвлэл, Орчуулгын үндэсний төв, Үндэсний номын сан, Гэндэндарам сан, хамтран зохион байгуулсан уг ёслолыг нээж тус сангийн тэргүүн Ж.Гэндэндарам үг хэллээ. ️Тус ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үг хэлж, шилдэг орчуулагч болон зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.
️“Билигт гүүш” уралдаанд ирүүлсэн бүтээлийг МУСГЗ, Билигт гүүш Б.Магсаржав, МУИС-ийн багш, зохиолч, орчуулагч Д.Мөнхтөр, “Гэндэндарам сан”-гийн дэд тэргүүн Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүн:
-Тэргүүн байрт: Т.Төмөрхүлэгийн Франц хэлнээс орчуулсан Альбер Камю-ийн “Уналт” роман
-Дэд байрт: Мө.Батбаярын Хятад хэлнээс орчуулсан Ян Лянкө-гийн “Дин тосгоны зүүд” роман
-3-р байрт: Б.Гэрлээгийн Орос хэлнээс орчуулсан Винсент Ван Гог-ийн “Дүүдээ бичсэн захидлууд” хэмээх намтар дурсамжийн ном тус тус шалгарчээ.