БАРИМТ 1
Хамба лам Д.Чойжамц нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр наймдугаар ангиа нийслэлийн 22 дугаар дунд сургууль, ес болон аравдугаар ангиа нийслэлийн 28-р дунд сургуульд сурч, төгссөн.
БАРИМТ 3
Чойжамц гэдэг нь “номын далай” гэсэн утгатай үг аж. Нутгийн нэгэн чадалтай, сайн лам түүнд энэ нэрийг нь хайрлажээ.
БАРИМТ 4
1976 онд Шашны дээд сургуулийг төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил хурж байгаад 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан байна. Тэрбээр Бурхан шашны төв хийдийн хамбын хувьд түвд хэлэнд гаргууд.
БАРИМТ 5
Монголчуудын ойроос ч болов харахыг хүсдэг XIV Далай ламын шавь. Тэрбээр Далай ламын шавь гэдгээрээ бардаад байдаггүй. Тиймээс “Энэ тухайд онцгой, гойд зүйл байхгүй л дээ. Далай багшаасаа номлол, айлдвар олон авч байсан” гэжээ.
БАРИМТ 6
1986-1990 онуудад Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж буй. Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт албанаасаа гарах хүсэлтээ өгсөн юм.
БАРИМТ 7
Хамба лам Д.Чойжамц нь АБЭТБХ-ын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний төвийн гишүүн юм.
БАРИМТ 8
Түүний бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", 2007 онд Монгол улсын "Соёлын гавъяат зүтгэлтэн" цолоор шагнажээ.
БАРИМТ 9
Хамба Д.Чойжамц Буддын шашинтны олон улсын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгч гишүүн юм.
БАРИМТ 10
Багын дурсамж: “Би багадаа алиа хошин зантай хүүхэд байлаа. Самбарынхаа урд гараад зогсоход бүгд чимээгүй болно. Дараа нь намайг юм ярьж эхлэхээр инээж баясцгаадаг байсан. Сургуулийн дурсамж гэвэл олон байна. Ангиараа хамтарч концерт тоглоно, дуулна, би бас хөгжим тоглодог байсан”.
БАРИМТ 11
Тэрбээр хүүхэд байхдаа бөх болохыг хүсдэг байжээ. Үеийнхэн дундаа том биетэйд тооцогддог, 70 гаруй кг жинтэй байсан аж. Тиймээс багш нар нь тэмцээн уралдаан болоход дандаа хүнд жинд оруулдаг байсан тухай дурсан ярьжээ. Өөрөө барилдах дуртай байсан ч олон хүний өмнө гарахаас цэрвэж, бөх болоогүй гэнэ.
БАРИМТ 12
Хамба ламын хайртай бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. “Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудагтай шударга хүн шиг санагддаг. “Тэр хvний сэтгэлд улс орны ирээдvй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бvгд багтаж явдаг” гэж хэлсэн удаатай.
БАРИМТ 13
Д.Чойжамц хамба Гандантэгчинлэн хийдийн шугамаар дэлхийн олон оронд айлчилжээ. Ялангуяа буддын шашинтай орон түлхүү байдаг Азийн ихэнхи оронд очиж, нүд тайлсан байна. Д.Чойжамц Далай багшаас эхлээд Ромын Пап, Энэтхэгийн улс төрч Соня Гандитай уулзахад таатай байснаа ярих дуртай.
БАРИМТ 14
Тэрбээр эхнэргүй. Харин нэг хэсэг шар хэвлэлүүд яруу найрагч Ц.Хуланг түүнтэй холбон муухай цуу яриа дэгдээж байв. Д.Чойжамц хамба ганц эмэгтэйтэй хамт байдаг. Тэр нь ижий нь гэдгийг дээр дурдсан билээ.
БАРИМТ 15
Хамбатан бол төрийн өндөрлөгүүдтэй ойр дотно байдаг хүн. Цагаан сарын үеэр ерөнхийлөгчтэй золгох хүмүүсийн тэргүүн эгнээнд багтдаг нэгэн юм. Хааяа хааяа тахилга, буяны ажилд төрийн өндөрлөгүүдтэй хамт явж харагддаг.
БАРИМТ 16
Тэрбээр Оюутолгойн нөөц ихтэй томоохон ордын нэг болох Херуга ордын нэрийг хайрласан. Энэ нь санскрит хэлээр “дээд амгалан” гэсэн үг аж. Д.Чойжамц хамба хэд хэдэн удаа Оюутолгойн орд дээр очиж ном уншин, бүтээн байгуулалттай нь танилцжээ.
БАРИМТ 17
Сүүлд түүнийг Оюутолгойд очоод ном айлдсаны дараа хоёр могой гарч иржээ. Үүнийг нь “Лус баярлахаар могой гарч ирдэг” гэж ихэд билэгшээсэн байна.
БАРИМТ 18
Д.Чойжамц хамба лам монгол хүн, эх орон, уламжлалт ёс гээд өргөн сэдвээр оюутнуудад лекц уншдаг.
БАРИМТ 19
Д.Чойжамц хамбыг Монголын бурхан шашны тэргүүн гэж ярих хүмүүс бий. Харин тэрбээр энэ ойлголтыг засаж “Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн.Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ” гэж тайлбарлажээ.
БАРИМТ 20
Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрбээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжиж байсан хүн.
БАРИМТ 21
Д.Чойжамц хамба хэд хэдэн телевизийн рекламд оролцсон. Хамгийн сонирхолтой нь тэрбээр нутгийн, нэг сумын дуучин А.Хосбаярын анхны цомгийн эхний дуу болох “Тэргүүн хамбын нутаг”-ын клипэнд ээжийнхээ хамт тоглосон юм.
БАРИМТ 22
Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг.
БАРИМТ 23
Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.
БАРИМТ 24
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслолыг /2021.8.12/ зохион байгуулж байв.
Сэтгэгдэл (5)