Намрын сар хэвийж байна. Орчлонг ойлгох шиг гэнэтэд их "гуниг" төрүүлдэг энэ улирлын "унах навчийн чимээ шиг шүлгүүд"-ийг хүргэе. Монголын уран зохиолын сод, тод "өнгө" бол Д.Урианхай билээ. Азийн тэргүүн найрагч абугайг 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд нэр дэвшүүлж байв.
"Намар"
Тогорууны дуу
Тооно дайвууллаа
Хаяагаа буулгая даа...
"Инээд шиг хуучин хүний амьдралд"
Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...
"Намрын навчинд өргөх шүлэг"
Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчис аа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!
"Амьдрал"
(экспромт)
Шувуу газраас яаран хөөрөхийг харах
Хүрхрээ өндрөөс нисэн унахыг харах
Алсын нүцгэн, хуурай толгодод бороо цайрахыг харах
Өвлийн бээрэнгэ моддын мөчирт өглөөний нар шаргалтахыг харах
Гудамжны үзүүрээс чамайг над руу даллахыг харах
Урд урдаасаа ухаангүй гүйх
Тэгээд л бол оо!
Тэнгэр рүү яарсан шувуу газарт буугаад удахыг харах
Өндрөөс уруудсан хүрхрээ голын хөвөөгөөр гоньд ургуулахыг харах
Алсын ангамал толгодод цайрсан бороо над дээр асгарахаар шаагин ирэхийг харах
Өвлийн ойн хөлдүү мөчрөөс нялх нахиа сугаран суниахыг харах
Гудамжны өнцгөөр далд орох шахсан чамайг над руу эргэн зогсохыг харах
Цаашаа явж чадахгүй буцаад гүйхийг чинь харах
Урд урдаасаа ухаангүй гүйх,
Тэгээд л бол оо!..
Миний маргаашийн төлөвлөгөө...
Тэртээд, зэрэглээтэх уулаар хань хийх,
Тэнгэр рүү арилсан шувуугаар хань хийх,
Тэгээд, дэргэд байхгүй хэнээр ч хамаагүй хань хийх,
Тэгээд, сайхан уйлах,
Тэгээд, тамхиа удаан сорох,
Тэгээд, яаран ухасхийн босох,
Тэгээд, хөндийн салхитай, элсний буйлаантай
Ханатлаа тэврэлдэх
Тэгээд, галзуурсан мэт хачин чангаар
Инээд алдах
Тэгээд, үхлийг бүүр ор тас мартах,
Тэгээд, амьдралыг яаж хурдан өөрчлөхөө
Ганцаар бодох!..
***
Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд хийсч явна
Би уулын бэл рүү
Уруудаж явахдаа зөрлөө...