Палестины эрүүл мэндийн албаныхан мягмар гаргийн орой Газа хотын нэгэн эмнэлэгт дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 471 хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Тэд Израилийн агаарын цохилтыг буруутгаж байгаа ч Палестины Исламын Жихад зэвсэгт бүлэглэлийнхэн пуужин харваснаас болж дэлбэрэлт болсон гэж Израилийн цэргийнхэн үзэж байна. BBC-ийн сурвалжлагч Рушди Абу Алоуф хэргийн газар очиход биеийн тасарсан хэсгүүд хаа сайгүй угтжээ.
Аль-Ахли Арабын эмнэлгийн хашаанд цус шингэсэн гудас, дэлбэрэлтийн дараа үүссэн эмх замбараагүй байдал, асар их гал түймрийн улмаас үлдсэн хувцас, хувийн эд зүйлс хөглөрчээ. Ойролцоох машины зогсоол дээр арав гаруй машины шатсан сэгүүд байв.
Эргэн тойрон дахь барилгууд нь мөн эвдэрсэн бөгөөд бөмбөгний хэлтэрхийд цохиулсан бололтой. Гэхдээ том бөмбөгдөлт гэхэд ямар нэгэн тогоо харагдахгүй байгаа юм. Дэлбэрэлтээс амьд үлдсэн нэгэн эмэгтэй ВВС-д “Бид энд ирэхээр гэрээсээ гарсан. Бид үүнийг аюулгүй гэж бодож байсан ч хамгийн аюултай газар байжээ" гэв.
Амь үрэгдэгсдийн ихэнх нь баасан гаргаас хойш тус эмнэлэгт хоргодож байсан энгийн иргэд байгааг эмч нар мэдэгдэв. Израилийн цэргийнхэн Газын зурвасын хойд хэсгийн сая гаруй иргэдийг өмнө зүгт нүүхийг уриалж, улмаар тэд "Хамас" зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлсэн.
Биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг мотоциклээр авч явсан бол бага гэмтсэн хүмүүс гурван км зайд орших Шифа эмнэлэг рүү явган явах шаардлагатай болжээ.
Л.Сайнаа