15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам үргэлжилж байна. Наадмын өнөөдрийн (2023.10.19) үзвэрээр "Баавгай болохсон" киног үзэгчдэд Тэнгис кинотеатрын өргөн дэлгэцээр 18:00 цагт толилуулна.
Эл киногоороо шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг эвлүүлэг гэсэн гурван "Хангарьд"-ыг хүртсэн билээ.
Энэ үеэр найруулагч П.Золжаргал хэлэхдээ "-42 хэмийн хүйтэнд хамтдаа буцалсан кино багийнхандаа баярлалаа. Дэмжин ажилласан бүх хүнд баярлалаа. Та бүхний хүчээр бид Дэнжийн мянгаас Канн орж чадлаа" гэсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн А зэрэглэлийн нэр хүндтэй Каннын олон улсын кино наадамд монгол уран бүтээл, уран бүтээлчид шалгарсан. Тодруулбал, тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол Улсаас анх удаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино нэр дэвшиж, "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл болсон юм.
Физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлэхийн сацуу өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон олон асуудлыг хөндсөн эл киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан дуучин Б.Дөлгөөн нар хамтран бичжээ.
Түүнчлэн "Баавсгай болохсон" багийн аялал дуусаагүй, олон улсын нэр хүндтэй кино наадмуудад нэр дэвшсээр байна.
М.Жаргал