АНУ-ын тамирчин Томми Смит одоогоос 55 жилийн өмнө буюу 1968 оны Мехикогийн Олимпод "Хар хүчний мэндчилгээ" дэвшүүлснээр олон улсад нэр хүндтэй болсон юм. Гэвч энэ нь өрьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүчтэй дуу хоолой болсон билээ.
1968 оны 10 дугаар сарын 16-нд АНУ-ын хоёр хар арьст тамирчин Томми Смит, Жон Карлос нар Мехикогийн олимпын индэр дээр толгойгоо бөхийлгөж зогсов. Тэд гуталгүй хар оймс өмссөн байлаа. Смит хүзүүндээ хар ороолт зүүжээ. АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үед тэд хар бээлийтэй гараа өргөөд чимээгүйхэн эсэргүүцэл үзүүлсэн нь түүхэнд зураг, бичлэг болон үлдсэн. Бас дурсамж, домогт үйл явдал байлаа.
Хэдий үг хэлээгүй ч тэр мөч утга учир дүүрэн байсан юм. Тус наадмын гүйлтийн тэмцээний 200 метрийн зайд алт авч, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Смит баруун нударгаа өргөж, Хар хүчнийг төлөөлсөн. Хүрэл медаль хүртсэн Карлос хар арьст америкчуудын линчийг бэлгэдсэн зүүлт зүүж, хар арьстнуудын эв нэгдлийг илэрхийлэн зүүн нударгаа өргөв. Тэдний зүүсэн байсан ороолт нь хар бардамналыг илэрхийлж, гуталгүй оймс нь Африк-Америкийн ядуурлыг илэрхийлж байлаа.
Хар хүчний мэндчилгээ нь АНУ-д хар арьстнуудыг системтэйгээр дарангуйлахыг эсэргүүцсэн мэдэгдэл байсан бөгөөд иргэний эрхийн төлөө тэмцлийн түүхэн дэх тодорхой үеийг тэмдэглэсэн. Гэвч 1968 оны 10 дугаар сарын 16-нд тэд уг үйлдлийг хийсэн нь маш том асуудлыг дагуулсан юм. Энэ үйл явдлаас хэдхэн цагийн дараа тэднийг Олон улсын олимпын хороо буруушаав. Хоёр хоногийн дараа тэднийг АНУ-ын багаас хасаж, нутаг буцаасан гэдэг.
1944 онд Техас мужид ядуу амьдралтай нэгэн айлын 12 хүүхдийн долоо дахь нь болж төрсөн Смит АНУ-ын өмнөд хэсгийн тусгаарлагдсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нүдээр харж өссөн хүн. Хүүхэд байхдаа уушгины хатгалгаа өвчнөөр шаналж байсан ч тэрбээр авьяаслаг тамирчин болон төлөвшиж, 1968 он гэхэд Калифорнийн Сан Хосе мужийн их сургуулийн шилдэг гүйгч болж, тэр зуны олимпод АНУ-ыг төлөөлөн оролцохоор сонгогдсон түүхтэй.
Энэ бол тус улсын хувьд улс төр, нийгмийн хүчтэй үймээн самуунтай жил байлаа. Вьетнамын дайн, дайны эсрэг хөдөлгөөн ид өрнөж, Иргэний эрхийн хөдөлгөөн нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах эрх тэгш байдлын төлөөх тэмцлийг тухайн үеийн шийдвэрлэх асуудлын нэг болгосон. Дөрөвдүгээр сард доктор Мартин Лютер Кинг Мемфис хотод цагаан арьст зэвсэгт этгээдийн гарт алагдсан бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди хоёр сар гаруйн дараа Лос Анжелес хотод алагдсан юм. 1968 оны Олимпын наадмын төлөвлөгөөний эхэн үед өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн учир хожуу эхэлсэн. Олон хар арьст тамирчид өдөр бүр тулгарч буй шударга бус явдалд гүн гүнзгий уур хилэн, бухимдлыг мэдэрсэн.
Эсэргүүцлийн дараа Смит, Карлос хоёрыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилж, АНУ-ын спортын байгууллагууд тэднээс зайгаа барьж эхэлсэн байна. Дараагийн жилүүдэд тэд хүчирхийлэлд өртсөн. Смит гэрлэлтээ салгах болсон шалтгаанаа сөрөг үр дагаврыг даван туулах стресстэй холбон тайлбарлав. Түүнийг карьерийнхаа оргилд хүрэх ёстой байсан үед нь АНУ-ын Олимпийн хороо үндэсний болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хориглов. 1972 он гэхэд дэлхийн хамгийн хурдан хүн хэвээр байсан Смит Мюнхений олимпод бэлдэхийн оронд Английн хойд хэсэгт орших Уэйкфилд хотод сургуулийн сурагчдыг сургаж, амьдралаа залгуулж байлаа.
Спорт бол хар арьст америкчуудад тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж чадах цөөхөн салбаруудын нэг байсан гэж Смит ВВС-д ярьжээ. Хэдий зовлон зүдгүүрийг туулсан ч Смит нийгмийн шударга ёс, тэгш байдлын төлөө дуу хоолойгоо хүргэсээр байв. Тэрбээр 1974 онд социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, багшлах, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд шилжиж, спорт, нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш байдлын төлөөх нэрт зүтгэлтэн болтлоо өөрийгөө хөгжүүлж, ажилласан.
Цаг үе хэдийн өөр болсон 2008 онд Смит, Карлос хоёр жил бүр олгодог Артур Эшийн эр зоригийн шагналаар шагнагджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэдний талаар "Тэдний 1968 оны Наадмын үеэр хийсэн хүчтэй, чимээгүй эсэргүүцэл нь маргаантай байсан ч ард түмнийг сэрээж, дараачийн хүмүүст илүү их боломжийг олгосон" гэж ярьжээ.
Л.Сайнаа
Эх сурвалж: ВВС