Венецийн олон улсын кино наадмаас "Сэр сэр салхи" киноны дүрээрээ Б.Тэргэл "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагналыг хүртэж байв. Тэгвэл өчигдөр 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагналыг хүртжээ. Мөн уран сайхны киноны гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болсон байна. Тус киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэлтэй Улаанбаатар кино наадмын нээлтийн үеэр цөөн хором ярилцсанаа сэргээн хүргэж байна.
-"Сэр сэр салхи" киноны "Зэ"-гийн гэх хүүгийн дүрийг бүтээхийн тулд хэдий хугацаанд "бөө"-ийн тухай судалгаа хийв?
"Сэр сэр салхи" бол миний гол дүр бүтээсэн анхны кино. Өмнө кино уран бүтээлд ажиллаж байсан ч гол дүр бүтээж байсангүй. Анх П.Лхагвадулам найруулагч хэлэхдээ, бөө хүүгийн л дүр гэсэн. Тэгэхээр нь бөө хүүгийн тухай л юм байна гээд бодчихсон байсан. Харин зохиолын сцен бүр дээр бэлтгэл хийж байсан тул кино зохиолоо барьж суугаад бүтэн уншаагүй. Хэсэг хэсгээр нь л уншсан.
Энэхүү дүрийг бүтээх гэж бөөгийн талаар хоёр сар гаруй судалсан, бэлдсэн. Үүний хажуугаар хэл хуур тоглож сурсан шүү. Миний бодлоор бөөгийн зан үйл зэрэгт ач холбогдол өгөх ёстой юм шиг санагддаг. Манай улсад буддын шашин болон бөө мөргөл хоёр голлох байр суурьтай байдаг шүү дээ. Би ламд итгэдэг байлаа. Тухайн үед бөөгийн талаар мэддэггүй байсан.
Онгод буулгаж буй бөөг хараад өөрийн эрхгүй гайхширсан. Бөө бол маш өөр ертөнц.
-Энэ киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон тухайгаа ярьвал?
-Дүрийн сонгон шалгаруулалт их сонин. П.Лхагвадулам найруулагчийн "Шилүүс" богино хэмжээний кинонд тоглосон н.Аззаяа эгч намайг "Молко" УСК-д зураглаачаар ажиллаж байхад бас продюсероор ажиллаж байсан юм. Тухайн үед Лхагвадулам найруулагч кино хийх гээд залуу жүжигчин хайж байгаа талаар надад хэллээ.
Тэгэхэд "чадахгүй байх" гэж бодсон болохоор төдийлөн итгэл төрөөгүй. Их бодсон шүү. Гэсэн ч өөрийгөө сорьж үзэх хүсэл түүнээс илүү. Сонгон шалгаруулалтад орсон сүүлийн хүн би. Миний бүтээсэн "Зэ" гэх хүү бол найруулагчийн хоёр жил хайсан дүр.
-Таныг "Зэ" хүүгийн дүрд тоглуулах болсон шалтгаанаа найруулагч хэлж байв уу?
Байгаа байдал зан араншин минь найруулагчийн төсөөлж байсан дүртэй төстэй байсан учраас намайг сонгосон юм болов уу. Энэ талаар тодорхой зүйл хэлж байгаагүй юм байна.
-Уран бүтээл хийлээ. Гол дүрийн хувьд хариуцлагыг хэрхэн мэдэрч байсан бэ?
Хариуцлагатай байх хэрэгтэй. Миний ард 200, 300 хүн ажиллаж байгаа. Би алдах юм бол тэр хүмүүсийн ажлыг "үгүй хийнэ". Зураг авалтын үеэр найруулагчийнхаа итгэлийн алдахгүй гэж их боддог юм билээ.
Найруулагчийн зүгээс "бөөлдөг" сценийг яаж авмаар байна, яг тэр хүсэлд нь л би хүрэх ёстой. Найруулагч бол "шилдэг" нь.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (3)