Аравдугаар сарын 07-нд ХАМАС гэнэтийн дайралт хийх үед 150 орчим хүн олзлогдсон гэж Израил мэдэгдэв. ХАМАС тэднийг Газын зурвас дахь "аюулгүй газар, хонгилд" нуусан гэж мэдэгдээд, хэрэв энгийн иргэдийн байшинг Израиль анхааруулгагүйгээр бөмбөгдвөл барьцааны хүмүүсийг хөнөөнө гэж сүрдүүлсэн байдаг. Эдгээр нь Израиль улсын иргэншилтэй ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан гэж батлагдсан хүмүүсийн түүх юм. Тэдний дотор 13 хүүхэд, 60-аас дээш насны зургаан хүн багтсан байна.
- 79 настай Чанна Пери болон түүний хүү 51 настай Надав Попплуэлл нарыг тус бүлэглэлийнхэн барьцаалсан гэж зэвсэгт этгээдүүд дайран ороход тэдэнтэй утсаар ярьж байсан Чаннагийн охин Айелет Сватицки хэлэв. Тэд хоёулаа чихрийн шижин өвчтэй.
- 18 настай Лири Элбаг Газын хилийн ойролцоох армийн харуулын үүрэг гүйцэтгэж дөнгөж цэргийн бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байсан бөгөөд Хамас довтлох үед түүний аав Эли Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ. Эли түүнийг ХАМАС бүлэглэлийн хожим тараасан видео бичлэг дээр, зэвсэгт этгээдүүдийн булаан авсан цэргийн ачааны машины ард бусадтай бөөгнөрсөн байхыг харсан гэж батлав.
- Герман, Израилийн иргэн 36 настай Жордан Роман-Гатыг нөхөр, бага насны хүүхдийн хамт Израилийн өмнөд хэсэгт орших Беэри хэмээх кибутзээс ХАМАС бүлэглэл хулгайлсан байна. Тэр, түүний нөхөр Алон, гурван настай Гефен нар машин түр зогсоход зугтсан ч Жордан бусдаасаа салсан гэж хамаатан садан нь CNN-д ярьж, түүнийг дахин баригдсан байх гэж эмээж байгаа.
- Охад, Этан Вахаломи нарыг кибуцаас нь хулгайлсан гэж Охадын ээж Эстер хэлэв. Түүний хэлснээр таван зэвсэгт этгээд гэрт нь дайран ороход бэр болон түүний хоёр ач охин зугтаж чадсан ч Охад болон 12 настай Этан нарыг авч явсан байна.
- 84 настай Дитза Хэйманыг Нир Оз кибутцын хөрш Хамас зэвсэгт этгээдүүд дагуулан явж байхыг харсан гэж түүний зээ охин хэлэв. Нийгмийн ажилтан асан тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистуудын хяналтад байсан бүс нутгаас хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар аврах Kindertransport-оор Их Британид ирсэн Зви Шдаймагийн бэлэвсэн эхнэр юм.
- Дрор Ор, түүний эхнэр Йонат, хүү Ноам, охин Алма нарыг хөрш нь Беэри кибуц дахь гэрээс нь чирч гарахыг харсан гэж тэдний ач хүү Эммануэл Бесораи хэлэв. Түүнээс хойш ямар ч холбоо бариагүй гэж тэр хэлсэн. Ноам 15 настай, Алма 13 настай.
- Доктор Шошан Харан, түүний нөхөр Авшал Харан, охин Ади Шохам, түүний хамтрагч Тал Шохам болон тэдний хүүхдүүд Навех, Яхел нарыг Бари кибуц дахь гэрээс нь хулгайлсан гэж түүний үүсгэн байгуулсан "Fair Planet" ашгийн бус байгууллага мэдэгдэв. Тэдний мэдээлснээр тэд ХАМАС-ын халдлагын дараа доктор Харантай холбоо тасарсан боловч Авшалын утсыг Газын зурваст хянаж байсан нь тэдний гэр бүлийг бүхэлд нь барьцаалсан гэж үзэхэд хүргэж байна. Авшал 65 настай, Навех найман настай, Яхел гурван настай.
- 85 настай Яффа Адарыг Газын хилийн ойролцоох кибутцаас хулгайлсан байна. Түүний ач охин Адва түүнийг дөрвөн зэвсэгт этгээдээр бүслэн Газ руу аваачиж буй бичлэгийг олжээ.
- Калифорни мужаас ирсэн 23 настай Херш Голдберг-Полиныг ХАМАС-ын дайчид ачааны машинд ачиж байхыг гэрчүүд харсан гэж түүний гэр бүлийнхэн Лос Анжелес Таймс сонинд ярьжээ. Тэрбээр маш хүнд бэртэж, ухаангүй байсан гэж гэрчүүд мэдээлсэн бөгөөд түүний хамгийн сүүлд мэдэгдэж байсан утасны байршлыг нь Газын хил дээр илрүүлсэн байна.
- Шири, Ярден, Ариэль, Кфир Бибас нарыг өөрсдийн амьдарч байсан, Шири цэцэрлэгийн багш байсан Израилийн өмнөд нутгийн кибутцаас хулгайлсан гэж үздэг. Шири 3 настай Ариэль, 9 сартай Кфир нарыг бүлэглэлийн дайчдад барьжээ.
- Ширигийн эцэг эх Йосси, Маргит Силберман нар ч сураггүй байгаа бөгөөд тэднийг баригдсан гэж үзэж байна.
- Кармелла, Ноя Дан нар Офер, Эрез, Сахар Калдерон нартай хамт амьдарч байсан Газын ойролцоох кибутц болох Нир Озд олзлогдов. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 12 настай Эрезийг зэвсэгт этгээдүүд Газын зурвас руу аваачиж буйг харуулсан бичлэг гарсан гэж тэдний хамаатан Идо Дан ВВС-д ярьж, 80 настай Кармелагийн эрүүл мэндэд санаа зовнин, эм тариагүй болгочих вий гэж эмээж байна гэжээ.
- АНУ-ын Иллинойс мужаас ирсэн Жудит Тай Раанан, ээж охин Натали Раанан нар Нахал Оз кибутц дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар явж байгаад халдлагад өртжээ. Чикаго дахь ABC7-д мэдээлснээр, хөрш нь гэр бүлийнхэнд нь ХАМАС-ын дайчид Жудит, 17 настай Натали нарыг гэрээс нь авч явааг харсан гэж хэлсэн.
- Лондонд амьдардаг зураач Шароне Лифшицийн эцэг эх Газын зурвасаас 400 метрийн зайд орших Нир Оз хэмээх кибуцын газраас барьцаалагдсан гэж үздэг. Хатагтай Лифшиц хэлэхдээ аав нь араб хэлээр ярьдаг аж.
- 74 настай Ада Сагиг мөн Нир Оз дахь гэрээс нь хулгайлсан гэж үздэг. Түүний хүү Ноам хэлэхдээ, Израилийн цэргүүд цусны толбо олсон боловч ээжийнх нь шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэрбээр амиа алдаж, шархадсан хүмүүсийн дунд байгаагүй гэжээ.
- Дорон, Раз, Авив Ашер нар Газын хилийн ойролцоо хамаатан садныхаа гэрт байхдаа олзлогдсон байна. Нөхөр Ёни эхнэр болон 5, 3 настай охидоо бусад барьцаалагчдын хамт ачааны машинд ачигдаж байгаа бичлэгийг харсан. Тэрбээр мөн түүний гар утсыг Газаас хайж олжээ.
- Германаас ирсэн жуулчин Шани Лоук Газын хилийн ойролцоох хөгжмийн наадамд оролцож байх үедээ ХАМАС бүлэглэлийн босогчид дайран орж гал нээж эхлэхэд айж сандарсан үдэшлэгт оролцогчдын хамт цөлөөр дайжин зугтсан байна. Түүний ээж Рикарда Шанигийн бичлэгийг мөн олжээ.
- Хятадад төрсөн Израилийн иргэн Ноа Аргамани ч мөн наадмын үеэр хулгайлагдсан байна. Түүний аав Яаков Аргаманигийн Израилийн 12-р сувгийн баталгаажуулсан видео бичлэгт 25 настай залууг дайчдын мотоциклийн нуруун дээр авч явж, "Намайг битгий ал!" гэж хашгирч байхыг харуулжээ.
- Хамас бүлэглэлийнхэн Нир Оз кибутц руу дайрснаас хойш Израилийн иргэн Сагуи Декел-Чен сураггүй алга болсон гэж түүний эцэг Жонатан ВВС-д ярьжээ. Жонатан хүү нь нас барагсдын дунд олдоогүй бөгөөд "Ганц үндэслэлтэй тайлбар" нь түүнийг Газ руу аваачсан байх боломжтой гэжээ.
- Авокадогийн фермд бараг хоёр жил ажилласан Тайландын иргэн Ануча Ангкаевыг бүлэглэлийн нийтэлсэн видео бичлэгээс харж болно. Түүний эхнэр Ванида Маарса түүнийг таньсан аж. м
- Эхнэр, нөхөр болох Боонтом Фанхонг , Наттаваре "Ё" Мункан нар Газын ойролцоох мөөг савлах үйлдвэрт ажиллаж байх үед ХАМАС бүлэглэлийн дайчид орж ирэн гал нээж эхэлсэн тухай Тайландын телевиз мэдээлэв.
- О-ват Суриясриг гарыг нь ард нь зангидаж, зэвсэглэсэн бүлэглэлийн дайчид харгалзан авч явж байгааг гэр бүлийнхэн нь таньжээ. Тэрбээр Тайландад эхнэр, хүүтэй.
- Дөрвөн жилийн өмнө Израиль руу ажлаар очсон Мане Жирачатыг ХАМАС бүлэглэлийн дайчид хамт нуугдаж байсан бусад таван ажилтны хамт баривчилсан гэжээ.
- Наттапорн Онкаев, Комкрит Чомбуа, Париня Таемкланг, Паттанают Тонсокри, Киаттисак "Топ" Пэти, ноён Понгторн (нэрийг нь хэлээгүй) нарыг Тайландын Гадаад хэргийн яам барьцааны хүмүүсээр нэрлэсэн байна. Тайланд нийтдээ 14 иргэнээ хулгайлагдсан гэж мэдэгдэв.
Л.Сайнаа