2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Төсвийн төсөлд тусгасан нийт хөрөнгө оруулалтын
- Боловсролын салбарт 21.8 хувь нь буюу 709.5 тэрбум төгрөг,
- Зам тээврийн салбарт 18.3 хувь нь буюу 597.7 тэрбум төгрөг,
- Эрүүл мэндийн салбарт 7.8 хувь нь буюу 254.9 тэрбум төгрөг,
- Эрчим хүчний салбарт 6.8 хувь буюу 220.8 тэрбум төгрөг,
- Соёлын салбарт 4.7 хувь буюу 154.9 тэрбум төгрөг байгаа бол үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын онцлох төслүүдийг танилцуулж байна.
1. Хөдөөгийн алслагдсан багуудаас мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй 191 багт харилцаа, холбооны дэд бүтэц бүрдүүлэх зорилгоор 20.0 тэрбум төгрөг
2. Дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи, инноваци бүхий эс, эд, эрхтэн шилжүүлэх төвийг Улсын төв нэгдүгээр эмнэлгийн дэргэд байгуулахаар "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв"-ийн бүтээн байгуулалтын санхүүжилт болох 140.0 тэрбум төгрөг
3. Түүнчлэн, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт баригдах "Зүрх судасны үндэсний төв"-ийн гадна шугам сүлжээ, дэд бүтэц, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах "Халдвар үндэсний төв-2"-ийн гадна шугам сүлжээ, дэд бүтэц нийтдээ 5.1 тэрбум төгрөг тус тус тусгасан байна.
4. "Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах санхүүжилтэд 30.0 тэрбум төгрөг
5. Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох, сумдыг улсын чанартай авто замтай холбох 32 томоохон хатуу хучилттай авто зам, гүүрийн байгууламжийг эхлүүлж, үүнд шаардлагатай 978.7 тэрбум төсөвт өртөг бүхий 226.7 тэрбум төгрөг шинээр тусгажээ.
6. Хөшигийн хөндийн дэд бүтцэд 50.4 тэрбум төгрөг, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Говьсүмбэр, Дундговь, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Төв, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын дулааны станцыг шинээр барих төсөлд Монголын талын хариуцах дэд бүтэц, цахилгаан хангамж 2-р хэлхээний санхүүжилтэд нийтдээ 51.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 22.1 тэрбум төгрөгийн санхүүжилт, барилгын материалын чанар, стандартыг сайжруулах бодлогын хүрээнд Замын- Үүд, Алтанбулаг хилийн боомтуудад барилгын материалын сорилт шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийн худалдан авахад 23.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 9.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан бол аймгийн төвүүдийн цахилгаан, дулаан, инженерийн дэд бүтцэд шаардлагатай нийт 142 төслийн 591 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус тусгав.
7. 361.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 140 сургууль, 147.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 128 цэцэрлэг, 137.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 65 эмнэлэг, 43.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 36 дотуур байр, 132.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 51 соёлын төв, музей, театрын төслүүд, 78.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 50 спорт заал, спорт цогцолборын төслүүдийг хийц гүйцэтгэхээр тусгажээ.
8. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн гэрээний үүргийн хүрээнд Монгол талын хариуцах санхүүжитэд 200.6 тэрбум төгрөг
9. Ганга нуур, Өгийнуур, Хэрлэн голыг бохирдлоос хамгаалах, урсацыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 9.0 тэрбум төгрөг
10. Хөвсгөл аймагт Политехник коллеж, Дорноговь аймагт Анагаахын салбар сургууль, Завхан аймаг политехик коллеж, хөгжим бүжгийн коллежийн дотуур байрыг шинээр барихаар тусгасан. Мөн Монгол Улсын консерваторийн сургууль, дотуур байр, амфитеатр бүхий цогцолборыг барихаар 27.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 8.1 тэрбум төгрөг тусгасан байна.
11. Төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн бэлтгэл ажил, зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай санхүүжилт болох 40,0 тэрбум төгрөг зэргийг тусгажээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)