Уйтай, уйлмаар өдрүүдийн ард уусан гунигаа тургих минь таатай. Улаанбаатар, уулзсан хүмүүсийнхээ дунд ганцаардан буй хэн бүхэнд энэхүү нийтлэлийг зориулав уу?
Яруу найрагч Б.Батзаяа
Хувирч үл өөрчлөгдөх хундага минь
шилбэнээс чинь би бариад
Хувирч үл өөрчлөгдөх бүхнээ
тулган шимээд ганхан сууна
Уйтай ийм л тэнгэр, яг ийм л сар, ийм л шөнө
Унтаад сэрэхэд алга болчихсон байна гэж бодож ууна
Хаанаас ч юм бүү мэд,
магадгүй хэн нэгэн эрд
Хаядсан эмэгтэйгээс гээгдэж унаад
надад олдсон сэтгэл минь ээ
Өвтгөөд байгаа энэ гомдол, энэ ганцаардал, энэ бүхэн
Өглөө босоход эдгэчихсэн байна гэж итгээд уу!
Тэвчин хүлээгч
хувирч үл өөрчлөгдөх горьдлого минь дээ
Тэр энэ атирч хувирах утаа байжээ,
замхран арилах зүүд байж
Магадгүй энэ шөнө түүнийг анхных шигээр нь
ганцхан удаа зүүдлээд
Маргаашнаас ахиж бодохгүй юм шүү,
мартах юм шүү!
***
Галзуурч...Халуурч
Ганцхан хүнээр дутаж...Үгүйлж...
Ууж мансуурч...Хар даран сэрж...
Уруулж тасчуулж...Сэтгэлээ үгүй хийлгэж...
Шунаж...Дурлаж...Дараа нь хагацаж
Шувуу шиг буудуулж...Үхэтхийн унаж
Дурсамжаас өөр юу ч үлдээгүй гэхээс л
духандаа буу тулгаж...Бугуйгаа исгэж
Эм зажилж...Залгиж...Бүр дэмийрч
Ээж ааваасаа зугтаж...Ганцаардан тэнэж
Унтарч...Бөхөж...Юунд ч юм найдаж
Унаснаа босож…Юу ч юм түшиж
Уйлж...Өөрөө өөртөө үхэл зохиож
Хүйтэн харанхуйд хараал урсгаж
Хүмүүсээс зугтаж...Үзэн ядаж...Бүхнээ алдаж
Дуу дуулж...Шүлэг бичиж...
Дурсан санаж...Сэтгэлээ онгойтол уйлж
Өөрөө өөртөө саад болж явсаар
одоо чамтай уулзахаасаа өнгөрлөө.
Яруу найрагч Б.Галсансүх
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал
Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол
Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй.
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол
Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол
Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил
Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно
Би байна...
Би байхгүй...
Яруу найрагч Ц.Батбаатар
Гүрэн улсын минь нийслэл уушийн газар олонтой ч
Гүндүүгүй цагаахан хүмүүст тэр нь даанч хамаагүй
Хань нөхөртөө хаягдсан яруу найрагч хаана хонох нь
Хоолтой ундтай л бол хонгорхон бүсгүйд хамаагүй ээ
Хүйтэн өдрийн турш ганцаардсан
Хүн чинь бас дуулж болно биздээ
Хүндлэл болоод доромжлолын дунд ганцаараа
Хүн чинь бас уйлж болно биздээ
Согтууран байх эрхийг надад өгсөн орчлон минь
Гэнэт одоо нүүрээ буруулах чинь юу билээ
Охидын чинь нүдэнд дурлаж явсан минь буруу л юм бол
Огт сайхан юм чамд хаа ч байхгүй гэдгийг хэлье ээ
Дахиад хүн болж төрөхгүйн төлөө
Далдаас харж буй бүхний төлөө
Цус шиг улайран эргэлдэх энэ муу жүнзтэй архинуудыг
Цугааранг нь ууж дуусгаад дараа нь
Харин бүх жүнзийг чинь хага шиднэ ээ...
Яруу найрагч Б.Лхагвасүрэн
Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)