"Бид хаашаа явах вэ? Ийм нам гүм, үзэсгэлэнтэй энэ хороололд аюулгүй газар үлдсэн гэж үү?" гэж Римал хотын нэгэн орон сууцны оршин суугчид ёжтойгоор асуув. Бямба гарагт Газын зурвасаас Палестины зэвсэгт бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт урьд өмнө үзэгдээгүй ширүүн дайралт хийсний хариуд Израилийн байлдааны онгоцууд дахин агаарын цохилт өгөх үеэр BBC-гийн сурвалжилагч Рушди Абу Алуф амьдралынхаа хамгийн хэцүү долоон цагийг тэнд өнгөрөөжээ.
Израилийн дайралтаас гадна олон арван орон сууцны барилга, харилцаа холбооны компаниудын оффис, Газын Исламын их сургуулийн багш нарын барилгад их хэмжээний хохирол учирсан байна. Аймшигт дэлбэрэлтүүд даваа гаргийн шөнө бүхэлдээ тэр хавийг доргиосон. Хүүхдүүд орилж, хэн ч нэг хором унтаагүй. Энэ бол Газа хотын хамгийн чинээлэг хороолол болох Римал хотын оршин суугчдын хувьд удаан хугацааны туршид мартагдахааргүй шөнө байлаа.
Мягмар гарагт үүр цайхын хэрээр дайралтын эрч багасч, хүмүүс сүйрлийн цар хүрээг олж мэдэв. Баруун урд хэсгийн дэд бүтцэд ихээхэн хохирол учирч, ойр орчмын ихэнх замууд эвдэрсэн тухай мэдээлэл дуулдав.
Машинаар тойроод явахад газар хөдлөлт болсон юм шиг харагдана. Хаа сайгүй нуранги, хагарсан шил, тасарсан цахилгааны утаснууд. Тэр ч бүү хэл хамгийн сайн мэддэг барилгууд нь танихын аргагүй болсон байж.
Мохаммед Абу аль-Касс охин Шахдыгаа гудамжинд авч явахдаа "Би бүх зүйлээ алдсан. Таван хүүхдийн маань амьдарч байсан байр энэ дүүрэгт байсан. Барилгын доорх хүнсний дэлгүүр маань нурсан. Одоо бидэнд хоргодох байр, эрхлэх ажил байхгүй. Хаашаа явах ёстой вэ. Миний байшин, миний хүнсний дэлгүүр цэргийн бай юм уу, Израиль?" Тэрээр нэмж хэлэхдээ Израилийн арми энгийн иргэдийг онилдоггүй гэж худал хэлж байна " гэв.
Даваа гарагт Израилийн Газын зурвас руу хийсэн дайралтад 300 орчим хүн амь үрэгдсэний гуравны хоёр нь энгийн иргэд байсан гэж Палестины эрүүл мэндийн яам мэдэгдэв. Энэ өдөр тэнд олон жилийн турш хамгийн их үхэлд хүргэсэн өдөр байлаа.
Үдээс хойш Газа хотоос зүүн хойд зүгт орших, хүн ам шигүү суурьшсан Жабалиа дүрвэгсдийн хуаранд наад зах нь 15 хүн амь үрэгджээ. Израилийн цэргийнхэн ХАМАС-ын командлагчийн гэрийг онилсон гэж мэдэгдэв. Гэвч ойролцоох зах эсвэл зэргэлдээ байшинд байсан олон хүн амиа алдсан нь харамсалтай. Одоогоор уг халдлагуудаас болж Изриальд мянга орчим, Газад 900 гаруй хүн амь үрэгдээд байгаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)