Сирийн Хомс хотын цэргийн академид нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж, 100 орчим хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай CNN агентлаг мэдээлэв. Тэсрэх бөмбөг ачсан нисгэгчгүй онгоцууд курсантуудын ар гэрийнхэн оролцсон төгсөлтийн баярыг онилсон бөгөөд амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байжээ.
Уг халдлагад олон улсын хүчний дэмжлэгтэй террорист бүлэглэлүүдийг буруутгаж байгаа. Түүнчлэн тус улсын иргэний дайны үед засгийн газартай тулалдаж байсан босогчид болон жихадистуудаас тэр даруй мэдэгдэл хийгээгүй учир шууд буруутгаж чадахгүй байна гэж албаныхан мэдээлэв.
Нисгэгчгүй онгоцоор хийсэн уг халдлагыг Хомс хотоос баруун хойд зүгт орших сөрөг хүчнийхний хяналтад байдаг бүс нутгаас хийсэн гэж таамаглаж байгаа. Сирийн төрийн мэдээллийн "Сана" агентлаг Зэвсэгт хүчний ерөнхий командлалын мэдэгдлийг иш татан мэдээлснээр, үдээс хойших төгсөлтийн ёслол дууссаны дараа тэсрэх бөмбөг ачсан хэд хэдэн нисгэгчгүй онгоц Хомс хотын цэргийн академийг онилсон тухай ярив.
Мэдэгдэлд, зэвсэгт хүчин энэ үйлдлийг урьд өмнө хэзээ ч байгаагүй гэмт хэрэг гэж үзэж, эдгээр террорист бүлэглэлийг хаана ч байсан бүх хүчээрээ шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэжээ. Тус агентлагийн сүүлд гаргасан мэдээнд Эрүүл мэндийн сайд Хассан аль-Габбашын хэлснээр, халдлагын улмаас 200 гаруй хүн шархадсан бөгөөд амь үрэгдэгсдийн дунд зургаан эмэгтэй, зургаан хүүхэд байгаа гэж мэдэгджээ.
Л.Сайнаа