15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-ны өдрүүдэд болно. Эл наадмаар монгол болон олон улсын 22 уран бүтээлийг хүргэнэ.
Түүнчлэн “Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээхээр болсон байна. Түүнчлэн зөвхөн "Тэнгис" кинотеатрт үзвэрүүд гардаг байсан бол энэ жил “Өргөө” кинотеатрын III салбар болон “Гэгээнтэн”-д гарах юм.
Тус наадам нь монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой билээ.
Энэ удаагийн “Улаанбаатар” ОУКН-ын онцлох орноор Швейцар улс сонгогдсон байна. Иймд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээлийг хүргэх аж.
Тус наадмаар кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах юм.