БАРИМТ 1
Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 21-ны өдөр төржээ. Өнгөрсөн сард 31 нас хүрчээ.
БАРИМТ 2
Б.Чинзориг айлын том хүүхэд бөгөөд нэг эрэгтэй дүүтэй аж.
БАРИМТ 3
Тэрбээр анх 2005 онд боксын спортод хөл тавьж, анхны гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлж байжээ.
БАРИМТ 4
Сагсчин болох мөрөөдөлтэй хүү боксын спорт руу урвасан нь найз Б.Гансүхээс нь эхлэлтэй гэнэ. Тухайн үед найз нь боксын секцэнд явдаг байж. Нэг удаа бэлтгэл дээр нь хамт очиж, бэлтгэж хийж үзсэнээр боксын спортоор хичээллэх болжээ.
БАРИМТ 5
2007 оноос Залуучуудын шигшээ багт, 2010 оноос насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт орж ажиллажээ.
БАРИМТ 6
Тэрбээр хүүхэд байхдаа эмээ, өвөө дээрээ өсжээ.
БАРИМТ 7
Түүний ээж, аав хоёр түүнийг юу ч хийсэн дэмжиж, ямар ч сонголт хийсэн дэмжиж хүлээж авдаг хүмүүс аж. Тиймдээ ч боксын спортоор хичээллэхэд нь эсэргүүцэж байгаагүй гэнэ.
БАРИМТ 8
Харин анх боксоор хичээллэнэ гэхэд эгч нар нь хүнд зодуулна, цохиулна, гэмтэнэ, бэртэнэ гээд эсэргүүцэж байжээ. Харин анхныхаа тэмцээн дээр амжилт гаргасан учир түүнээс хойш дэмжих болжээ.
БАРИМТ 9
Хүүхэд байхдаа нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. Тухайлбал, сурагч байхдаа урлагийн үзлэгт орж хөтлөнө, жүжиглэнэ, дуулна гээд л бүх төрөлд л оролцдог байжээ.
БАРИМТ 10
Спортын замналтай хүн түүний хамаатан, саданд байдаггүй аж.
БАРИМТ 11
Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн ангид сурдаг байсан ч тэмцээн, уралдаанд оролцохын хажуугаар сурах хүндрэлтэй байсны улмаас төгсөж чадаагүй байна.
БАРИМТ 12
2014 онд Армийн дэлхийн аварга болж, амжилтын гараа нь эхэлж байв. Тэрбээр энэ тухайгаа “Аваргын төлөө 2013 оны дэлхийн аварга Эвертон Лопестой тулалдсан. Хүндхэн тоглолтын эцэст шүүгчийн саналаар 3:2 харьцаагаар ялж байлаа. Лопес хүч багатай боловч, маш хурдтай, гүйцэгддэггүй онцлогтой тамирчин" гэжээ.
БАРИМТ 13
Тэрбээр анх “Рио-2016” олимпод оролцож байв. Эрэгтэйчүүдийн боксын 64 кг-ийн жинд хүч сорьсон ч хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчин В.Дунайцевт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлж байв.
БАРИМТ 14
Харин “Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Узбекстаны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эльнур Абдураимовт ялагдаж, олимпоо дуусгасан юм.
БАРИМТ 15
Ринг дээр гарахад хамгийн түрүүнд догдлол, сандрал, түгшүүр гэх мэт мэдрэмж төрдөг юм. Гэхдээ миний хувьд тулааны өмнө эсхүл өмнөх орой нь тулааны талаар хэт их бодохгүй байхыг хичээдэг хэмээн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 16
Тэр боксын спортоос гадна сагсан бөмбөг тоглох, амьд хөгжмийн тоглолт, сонгодог урлаг үзэх дуртай гэнэ.
БАРИМТ 17
Харин ширэн бээлийтэн маань бэлтгэлгүй үедээ амьд хөгжмийн тоглолт үзэх сонирхолтойгоос гадна сонгодог театрын үнэнч үзэгч аж.
БАРИМТ 18
Түүний хамгийн өндөр амжилт бол ДАШТ-ий мөнгөн медаль.
БАРИМТ 19
Түүний ойрын зорилго бол ирэх оны олимпид оролцох аж. Гэхдээ тэр "Миний олимпын замнал бол ирэх жилийн олимпоор дуусгавар болно" хэмээн дурдсан удаатай. Олимпид оролцоод медаль авах, төрийнхөө далбааг олимпын тэнгэрт мандуулна гэжээ.
БАРИМТ 20
Тэрбээр УАШТ-ий есөн удаагийн аварга. Түүнээс энэ хугацаанд шантрах үе гарч байв уу гэж асуухад “Анх жаахан байхад шантрах үе олон байсан. Харин шигшээ багт орсноор зөвхөн урагшаа тэмүүлэх л болсон” гэж хариулсан юм.
БАРИМТ 21
Тэр бол мэргэжлийн өндөр ур чадвартай, хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, хөдөлмөрч,олонд нэр хүндтэй эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчин юм.
БАРИМТ 22
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдсан юм.
БАРИМТ 23
19 дэх удаагийн Азийн наадмын боксын 63,5 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг ялсан билээ.
БАРИМТ 24
Тэрбээр Азийн наадамд түрүүлж, гурав дахь удаагаа олимпод өрсөлдөх эрхээ авсан боловч допингийн асуудал холбогдсон юм.
Сэтгэгдэл (1)