Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төслийг танилцууллаа. Тэрбээр тус хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд хэллээ. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн аж. Харин ирэх оны төсвийн баримтлах бодлого бол эдийн засгийн өсөлтийг дэмжих, хот хөдөөгийн сэргэлт, иргэдийн оролцоог хангах юм.
Ирэх оны төсвийн зарлагыг 27.4 их наяд төгрөг, орлогыг 25.3 их наяд төгрөг байхаар тооцож, хуулийн төсөлд тусгасан байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь буюу 2.1 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2024 онд 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хамгийн өндөр төсөвтэй бүтээн байгуулалт бол Сүхбаатар дүүрэгт баригдах Эрхтэн шилжүүлэнг суулгах төв юм. Тухайлбал, үүнд 140 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсад интернет сүлжээгүй үлдсэн 191 багийг сүлжээнд холбоно. Үүнээс гадна орон сууцжуулах хөтөлбөрийг орон нутагт 60 хувь, нийслэлд 40 хувь хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.
Ирэх оны төсвийг сонгуулийн жилийн төсөв хэмээн тодотгоод буй. Тэгвэл сонгуульд 72,2 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Тухайлбал, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг зарцуулах бол Орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.
2024 онд Монгол Улс нэг тонн нүүрсийг 140 ам.доллараар борлуулах бөгөөд жилд 60 сая тонн нүүрс экспортолно. Харин зэсийн экспортын биет хэмжээ энэ онд 1.454 мянган тонн байхаар төсөөлсөн болох ирэх онд 1.5 мянган тонн байхаар тооцож үнийн хувьд энэ онд 8670 ам.доллар байсан бол ирэх онд 9000 ам.долларт хүрэх өөдрөг төсөөлөлтэй байна. Алтны хувьд энэ онд 20.7 тонн байхаар төсөөлсөн бол ирэх онд 20 тонн байхаар бууруулж төсөөлсөн ч үнийн хувьд 1.840 ам.дол.унц-аас 1950 ам.дол.унц байхаар төсөөлжээ.
Д.Батчулуун