Испанийн Мадрид хотод өчигдөр дэлхийн улс орнуудын Эрчим хүч, Байгаль орчны сайд нарын бага хурал ажлаа эхэлсэн байна. Европын Зөвлөлийг энэ жил даргалж байгаа Испани улс дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс цельсийн 1,5 градусаас хэтрүүлэхгүй байхад олон улсын хүчин чармайлтыг нэгтгэхийг чармайж байгаа юм.
Испанийн Эрчим хүчний сайд Тереса Рибера энэ уулзалтыг зохион байгуулж байна. Тэрээр Даваа гарагт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “дэлхий нийтийн асуудлыг дэлхий нийтээрээ шийдвэрлэх учиртай” гэдгийг дурдаад өнөөгийн сорилт бэрхшээлүүдийн нөхцөлд олон талт үзэл хандлагыг илүүтэй чухалчлахыг мөн уриалсан байна. Мадридын бага хуралд оролцож байгаа Олон улсын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтыг гурав дахин эрчим хүч хэмнэх дэвшилтэт арга технологид зарцуулах хөрөнгө мөнгийг хоёр дахин өсгөж мөн хөгжиж байгаа орнууд дахь цэвэр эрчим хүчийг дэмжих санхүүжилтийн хэлэлцээр байгуулах нь хортой хийн ялгаруулалтыг хяналтдаа авах гол алхмууд юм гэдгийг мэдэгджээ.
Гэхдээ дэлхийн нүүрс байгалийн хийн хэрэглээ 2030 он хүртэл оргилдоо хүрч түүнээс хойш эрс буурна гэж тооцоолж байгаагаа тэр мөн дурдсан байна. Ирэх 11-р сарын 30-наас 12-р сарын 12-ныг хүртэл АНЭУ-ын Дубай хотноо болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын КОП28 чуулганы босгон дээр энэ уулзалт болж байгаагаар онцлогтой. Европын Холбоо агаар мандалд хортой нэгдлүүд ялгаруулалтаа бууруулах төлөвлөгөө батлахаар зэхэж байгаа үетэй мөн энэ уулзалт давхцаж таарч байна. Европын Зөвлөл болон Европын парламентын талаас Европын Комиссын өргөн барьсан саналуудад тулгуурлаж шинэ хууль батлах зөвшилцөлд бараг хүрч байгаа юм.
Өнгөрсөн онд Египетэд болсон уур амьсгалын асуудлаарх КОП27 бага хурлаас уур амьсгалын гамшигт үр дагавартай тэмцэхэд нь хөгжлөөр буурай орнуудад туслах түүхэн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалт болоод дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болдог хурмал түлшний хэрэглээг хязгаарлах тал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй юм.
Сэтгэгдэл (1)