Энэтхэгт сурагч охидыг гудамжинд хөнөөсөн эмгэнэлт явдал эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, үл тоомсорлох үзлийн эсрэг тэмцлийг өдөөгөөд байна.
Унадаг дугуй унаж буй Энэтхэгийн хоёр охины CCTV-ийн богино бичлэг үнэхээр гэмгүй явж байгааг харуулсан. Сургуулийн дүрэмт хувцсаа өмсөж, ороолт зүүсэн өсвөр насныхан бараг хоосон зам дээр зэрэгцэн явж байгааг та харж болно. Гэвч удалгүй хэдхэн секундын дотор тайван байдал сүйрэл болон хувирах нь тэр.
Хэрэг явдлыг тодруулбал, мотоцикльтой хоёр залуу тэднийг гүйцэж түрүүлж, нэг нь охидын нэгний ороолтыг зулгаав. Тэр даруй тэнцвэрээ алдаж, дугуй нь баруун гар тийшээ унаж, араас ирж буй хоёр дахь мотоцикльтой мөргөлдөв. 17 настай охиныг зам дээр унах үед эсрэг урсгалаас ирсэн гурав дахь мотоцикль мөргөжээ.
"Охиноо харсан тэр мөчид би түүнийг нас барсныг мэдсэн. Яаран эмнэлэгт хүргэхэд эмч нар түүнийг нас барсан гэсэн. Эрүү нь хугарч, толгойдоо хүнд бэртсэний улмаас нас барсан гэсэн" гэж хэдхэн минутын дараа хэргийн газарт ирсэн түүний эцэг Сабхажит Варма хэлэв.
Вармагийн эхнэр найман жилийн өмнө нас барсан бөгөөд хоёр том охин нь гэрлэсний дараа айлын хамгийн бага нь болох 17 настай тэр охин нь түүнтэй хамт амьдардаг байсан. Тэр хичээлдээ сайн байсан бөгөөд эмч болохыг хүсдэг байсан ажээ.
Тэр нас барахаасаа хоёр хоногийн өмнө сургуулийнх нь гадаа зарим хөвгүүд өөрийг нь болон бусад охидыг дарамталж байсныг аавдаа хэлжээ. Тэр цагаас хойш түүний зээ охин болон бусад шавь нар нь мөн л цагдаад мэдүүлснээр залуус өглөө оройд сургуулийг тойрон эргэлддэг байж.
Түүний охины үхэл Вармагийн зүрхийг шархлуулж, уур уцаартай болгосон. "Миний охин алагдсан. Түүнийг хөнөөсөн хүмүүсийг дүүжлэх ёстой" гэж тэр хэлэв.
Уг хэрэг өнгөрсөн сард хойд Уттар Прадеш мужийн Амбедкар Нагар дүүрэгт болсон. Цагдаа нар гурван сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний нэг нь насанд хүрээгүй гэсэн мэдээлэл байгаа. Харин дөрөв дэх хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Уг үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, мэдээ гарсны дараа Ерөнхий сайд Йоги Адитянат гудамжинд эмэгтэйчүүдийг дарамталж байсан хүмүүст "Ямраж [Хинду үхлийн бурхан] дараагийн уулзвар дээр тэднийг хүлээж байх болно" гэж анхааруулжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)