Хоёр хоногийн өмнө Нью-Йорк мужийн цэцэрлэгт хүрээлэнд аялж яваад сураггүй болсон 9 настай Шарлотт Сена охиныг эсэн мэнд олж, сэжигтэн этгээдийг саатуулсан талаар Даваа гарагийн орой эрх баригчид мэдэгдлээ. Шарлоттагийн эцэг эх түүнийг олдохоос өмнө заналхийлсэн утга бүхий бичиг хүлээн авсан гэж Нью-Йоркийн захирагч Кэти Хочул Даваа гарагийн орой CNN-д ярив.
Хочул хэлэхдээ уг тэмдэглэл дээр хурууны хээ байсан гэдгийг онцолсон. Энэ нь эрх баригчдад сэжигтнийг эрэн сурвалжилж, эцэст нь Шарлоттыг олоход тусалсан. Хочул сэжигтний хурууны хээ аль хэдийн хууль сахиулах байгууллагын мэдээллийн санд байгаа гэж хэлсэн ч сэжигтний урьд өмнө нь оролцож байсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Мөн цагдаа нар охиныг алга болох үед уг цэцэрлэгт хүрээлэнд байсан иргэдийн гар утасны дуудлага, мэдээллийг нягталсан нь тусаа өгчээ.
Мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, Шарлотыг барьцаалсан сэжигтэн этгээдийг олж тогтоосны дараа тэд түүнтэй холбоотой хэд хэдэн байшинд нэгжлэг хийсэн байна. Тэд Шарлоттыг даваа гаригийн 18:32 цагт олж, сэжигтнийг цагдан хорьсон гэж мэдэгдэв.
Шарлоттыг хайж байсан хүмүүсийн тоо даваа гаргийн өглөө гэхэд 400 болсон гэж мужийн цагдаагийн газраас өмнө нь мэдэгдсэн. Эдгээрт тусалсан хүмүүс, 34 сайн дурын гал унтраах анги, хувийн бүлгүүд, түүнчлэн холбооны, муж, орон нутгийн хууль сахиулах байгууллагууд байв.
Олбани хотоос хойд зүгт 45 милийн зайд орших маш алдартай уг цэцэрлэгт хүрээлэн нь 6200 акр талбайтай бөгөөд ширүүн ой, нарс мод, чулуурхаг нурууны дунд оршдог гэж Байгаль орчныг хамгаалах газрын мэдээлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)