Нар алсрах тусам яруу найраг бидэнтэй ойртоод байх шиг санагддаг. Нахиа байсан ургамлын дэлбээс нэг л тайвнаар өнгө хувиргах агшинд эрс бид охидыг цэцэгтэй зүйрлэхээ болино. Гүндүүгүй улирал л гэж намрыг санадаг. Гүрийж давах нь бидний л тавилан байдаг. Тавилангаа дагаад алхаж ахуй өнгөрсөн бямба гаргийн үдэш танилын хүрээ дагаж, "ГОО УЛИРАЛ" хэмээх эмэгтэй яруу найрагчдын уншлагад саатлаа.
Нийгэмд яруу найрагчдыг ихэвчлэн эрэгтэй хүмүүсээр төсөөлөх нь элбэг байдаг. Утга, уран зохиолын салбар дахь жендерийн хэвшмэл ойлголтыг халах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилгоор “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2022 онд уг уншлагад 21 залуу эмэгтэй яруу найрагч шүлэг, бүтээлээ уншиж сонирхуулсан бол энэ жил 25 орчим залуу эмэгтэй яруу найрагч шүлэг бүтээлийн дээжээ өргөв. Тус уншлагыг яруу найрагч эмэгтэйчүүд анхлан санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ жил “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Монголын Зохиолчдын Эвлэлээс дэмжиж байгаагаараа онцлог аж. Яруу найргийн уншлагын үеэр “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын “Таван амьдрал” үзэсгэлэнгийн бүтээлээс олон нийтэд дэлгэлээ.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг уншлага жил Улсын их дэлгүүрийн долоон давхарын "New York Empire" ресторанд болоход нь мөн л очиж байснаа санана. Энэ удаагийнх "Oscar" пабд болж, төлөвлөснөөс нь олон зочид хүрэлцэн иржээ. Танилууд ч олон, танилцах хүн тэднээс ч олон байлаа. Итгэл найдварыг төрүүлдэг нь цөөхөн хүний хувьд яруу найраг ч байдаг. Тэр цөөхөн хүний нэг нь гэдгээ мэдэрч амьдрах хувь заяандаа л талархаж явдаг. Тэндээс чих баярлах хэдэн шүлэг сонссоноо дор онцлов.
Үргэлж л үеийн охин шиг харагддаг нэгэн бүсгүйтэй би хоёр дахиа таарсан юм. Даруухан байдал нь ихэмсэг, чамин харагддаг. Түүнийг Т.Саранчимэг гэдэг.
Айх айдас минь нэг л өдөр
Алга болчихсон
Харанхуйгаас
Хуйлран эрчлэх салхи шуурганаас
Зуухны яндан зүрх түгшээн дугарахаас
Зуун уулын цаадах наран улаанаар жаргахаас
Жавар хургахаас
Жаахан охин хурга ишигтэйгээ төөрөхөөс
Хариу бүрийгээс
Хаанаас юу ч юм ирэх вий гэхээс
Эмээх элэг минь нэг л өдөр
Ээжийнх шиг тайван болчихсон
Эргэлдэх энэ амьдралд би ердөө хаалга юм
Энд нэгнийг хөтөлж ирээд чимээ аниргүй буцах
Энгийн л нэг ээж юм
Айх айдас минь нэг л өдөр алга болчихсон
Араас гэтэх муу муухайгаас
Асар хуучин ч айхтар шинэ өдөр бүрийн нугачаанаас
Аав минь халамцуу ирэх вий гэхээс
Агсам согтуу амьдралд нулимстай үлдэхээс
Арван хоёр өнгөрчхөөд байхад орох газаргүй тэнэх нэгний төлөө өвдөхөөс
Багшийн дээд дээр таарсан хөхүүл ээжээс
Бараг хэлд ороогүй хүүхэд согтуу ээжийгээ хөхөн инээхээс, бачуурлаасаа
Баруунтаа наран жаргаад зүүнээс мандталаа юу туулдагийг мэдэхгүй ч
Баяр хөөр тосож ирээдүй цаг өснө гэдэгт бат итгэдэг болсон
Ирэх гэж ирсэн, хийх гэж төрсөн зүйлээ л хийчихвэл
Энэ амьдралын өвдөлтийг инээж туулахаар хүчтэй болсон.
***
Харахгүй л бол сэдрэхгүй гэж итгэх
Хачин энэ өвчин ужиграхнээ
Таарахгүй л бол санахгүй гэж бодох
Тэнэг бодол минь удахнээ
Ярихгүй л бол өвтгөхгүй гэж үлээх
Энэ бүлээн салхи хийсгэхнээ
Ялихгүй л бол гэмгүй гэж залбирах
Сэтгэлийн гэм хүндрэх нь ээ
Халгахдаа ганц чамаас биш
Бүтэн орон хотоосоо холдох
Хөндүүрлэхдээ ганц чамаас биш
Бүрэг хүйтэн эх орноосоо алслах
Гэмшихдээ ганц чамаас биш
Буй ахуй амьдралаасаа зугтах
Гэрэлтэхдээ харин чиний ирэх замыг амдуулан
Энгэрийн товчоо бэхлэх...
Анх 12 дугаар ангийн жаалхан охин "Хүрэл тулга" наадам ирж түрүүлэхэд нь хөтлөөд шахуу Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" дугуйландаа оруулж билээ. Тэр жаалхан охин одоо ч хэвээрээ буй. Түүний М.Дэвээжаргал гэдэг. Өөрийн гэсэн ертөнцтэй, өөр мэдрэмжтэй яруу найрагч л даа.
Хөндүүр, өвдөлтөөр дүүрэн ч
Хүлээсээр, хүлээсээр л байх…
Халуун дулаан үг хэлэхгүй ч
Харцаа үргэлж тогтуун байлгах…
Мөдхөн үгүй болох хүйтэн
Энгэр цаана шургалсаар
Үр минь болох…
Өөрийн бүхнээ орхиж
Өрөөлийн амьдралд
Өглөө шиг ирэх…
Зүүд заримдаа шорон мэт ч
Зүрхлэн түүний тэвэрт нойрсох…
Зүгээр л үзэгдэхгүй гараараа
Зүрхэн тус төөнөх…
Үдшийн бороонд
Үүрийн өвс гэрэлтэх шиг
Өнгөрсөн бүхнийг хайрлах…
Оюутан цагийн найз жинхэнэ найз байх нь олонтаа. Жинхэнэ найзын минь эхнэр Д.Даваажаргал гэж багш бүсгүй бий. Биднийг дагаж явсаар, уншсаар шаггүй найрагч болжээ тэр. Энэ үдэш тэр Хөх хотод зориулсан гэгээн шүлэг дуудав.
Хөх хотын бүлээхэн салхи минь
Баяртай
Чиний хот их тухтай
шүү
Пиво шимээд
Хүмүүсийн хов живийг чагнах
уйдсан надад хааяадаа таатай л
Хүлцэнгүй нь дэндсэн
Хүрэхэд алс мэт хамгийн нандин
хүнээ санах
Хүүгээ бодох
Харамлаж болдог
Хаяж ч болох
Хайраа гэж ...
Хөх хотын бүлээхэн салхи
хүзүүг үнсэн таалж
даашинзыг минь сөхөж саваагүйтнэ
салхи ч болох хүсэлтэй
харцуудыг салхи шиг хийсгээд
Удахгүй би
чамд
хүү бидэнд ирсэн шиг
баяр
жаргал
гуниг зоьлрнгоо аваад л очно
Итгэлээ л илд болгочихвол
ингэтлээ цөхрөхгүй л дээ...
Үл таних эмэгтэй Б.Уянгын дотно санагдтал уншсан хоёр шүлэг.
Нүд рүү чинь анх харахдаа л уншчихсан
Нүүгээд одно гэдгийг чинь
Нүүгээд одно гэдгийг чинь мэдсэн мөртлөө
Зүүгдээд үлдээх юм шиг хайрлачихсан
Мөнхөд хайрлана гэдэг угтаа
Үргэлжлэл нь яаж өрнөхөөс
Төгсгөл нь хаа дуусахаас
Огтын хамааралгүйгээр
Үүрд эхлэл чигээр нь дурсахыг
Үгүйлэхдээ хааяа санаа алдахыг
Ганцаардахдаа цаг хугацааг буцаах хүслийг
Шаналахдаа мартах гэж хичээхийг хэлдгийм шиг.
Гэхдээ, чамайг санаж ганцаардах шиг жаргал үгүй
Гунигуудын дунд гэгээн нь
Шаналлуудын дунд амттай нь
Шалтгаан нь чи бол
Шарх нь хүртэл сорвигүй...
***
Шаналангийн эхлэл догдлол
Чиний нэртэй догдлолууд хайр байсан ч
Чиний нэртэй шаналан болчихсон
Өдөр бүр уудаг кофены минь амт шиг хүрэн
Гэхдээ л таашаалтай
Хэзээнээс ч юм
Хүрэн амтагддаг кофе
өнгөө алдан амтгүйрээд
Хэзээнээс ч юм
Чиний нэртэй шаналан,
шаналан байхаа больчихсон
Догдлолоос эхлээгүй шаналан
Хүрэн биш шараар амтагдуулаад
Улам л усан болгоод
Уугаагүй юм шиг
Хайран байна.
Догдлолоос эхэлсэн шаналан л
Кофег кофе болгодог байж
Кофег дахин хүрнээр амталсаар байна.
Уг арга хэмжээг орон нутгаас зорин ирсэн цөөнгүй бүсгүйчүүд байлаа. Тэдний нэг нь Завхан аймгийн уугуул яруу найрагч Ц.Намуундарь юм. Оюутан ахуй цагт тэр ийм л охин байсан. Одоо ч хэвээрээ...
Загтнасан газраа маажих, сахлаа хусах, үсээ нэг бүрчлэн эмрэх
Загас наадуулах, халуун хүйтэн үг шидэлцэх, хурууныхаа өндгөөр шүргэлцэх
Маргаашыг зүүдлэх, маргааш гэдэг нь Аюурзаны NON PLUS ULTRA шиг байх
Маргаашаас үй түмэн бодолтойгоо чихцэлдэн гараад, тэнүүчлэх, олон өнгийн хүмүүстэй таарах,
Нарыг дагаж амьдрахаар шулуудаад их удаан хугацааны дараа гэрээ сохороор баримжаалан ирэх
Чи эзгүй байх, цамцыг чинь үнэрлэх, тайвширах
Хөрш айлаас нулимс үнэртэх, нүдээ нухлах, толины өмнө нүцгэн зогсох
Цаг агаарын мэдээ сонсохын тулд хөршийнхөө хаалгыг соёлтой тогшиж сурах
Үнсэх, үнсүүлэх, дотоодоосоо хүчтэй мөргөлдөх,
Түр зогсолт, Түр салалт, Амсхийлт
Түлхүү хэрэглэх үгс, уцаарлангуй, ёжлонгуй, адгуусархуу өнгө аяс дагалдах нь зовлонтой
Дахиад л дэлхийн эргэлтийн эсрэг зүг алхах,
Заавал зорих хаягууд, том том санаа алдалтын ормууд дээр гишгэлсээр Битлзийн хөшөө, Явуухулангийн цэцэрлэгт хүрэх
Хэт хуучинсаг, эсвэл хэт шинэлэг санагдах сарны имижийг эргэцүүлэх хооронд
усыг сонсох, усанд сонсогдох
Тэнгэрт зорчих, Тэндээс газрын амьдрал дэндүү өчүүхэн харагдах нь
Хүн төрлөхтөн шавьж адил сэтгэгдэх,
Холоос ядарсан эрэлчин шиг гэрийнхээ үүдэнд сүр бараатай буух
Түр зогсолт, амсхийлт
Ирээдүйн дурсамжийг эргүүлж, тойруулж унших, тэр ноолох, энэ тэндээс базлах, эрхлэх,
Энэ тэрийг шалгааж гарын алган дахь хэрчлээсүүдээр мэргэлэх
Бурхадын гарны тухай асуух, бясалгах,
Түр зогсолт,
Эрэгцүүлэх
Ямагт өөрийнхөө дотор ял хурааж
Яруу найрагчдыг үзэн ядах, Эсвэл хүндэтгэн бишрэх,
Эхлэлээсээ буцах, Төгсгөлөөсөө эхлэх
Түр зогсолт, Амсхийлт.
Эцэст нь энэхүү арга хэмжээг зохион байгуулсан С.Бэрцэцэг гэх бүсгүйн шүлгийг онцолж байна. Түүний хувьд завгүй амьдралынхаа хажуугаар нийгмийн идэвхитэй, санаачлагатай, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжихийн төлөө бүхнийг хийж үзсэн хүн гэж боддог.
Зугаатай бодлын цуглуулга
Жаахан зовоод сурчихвал
Жаргал даадаг болно доо гэдэгт итгээд
Юу ч тохиолдсон ажирахгүйгээр
Юуг ч зовлон гэж бодохгүй, юуг ч жаргал гэж санахгүй
Хайрлах, хайрлагдах хүслээ халааслаад
Хамтын амьдрал, хайр хоёрыг салгаж бодох зуур
Зовсон нулимс бүрээ залгиж сурсан
Зүгээр л хамт амьдарсаар буйдаа талархаж
Халаасалсан хайрлах, хайрлагдах хүслээ нандигнаж
Хамгийн чимээгүй аж төрөх нь амьдрал аж.
***
Тавилан минь
Чи надад байгаа бүх юмны тэн хагасаас илүү нь
Чи надад байхгүй бүх юмны эхлэл
Чамаас илүүтэй нь би учирч болох ч
Чамаас бусдыг хүсэхгүй байна
Хайрлана, хамт амьдарна гэдэн үргэлжийн мөнхөд төгс байна гэсэн үг биш
Халгиж дарвиж дүүлж яах үедээ нэгнээ орхихгүй юм шүү
Хамгийн муугаар төгсөх байсан ч хамт шүү
Чи миний бүх юм
Би чиний бүх юм болчихвол
Орхиж одохгүй, хаяж хагацахгүй
Олон жилийг үдчихвэл
Онхи гагц гогцоог
Онож олсон тавилан гэдэгт итгэе.
Дарс шимээд, ганц нэг пиво уунгаа гоо охидын яруу найргийг сонсох хувь тохиол жилд нэг л байдаг нь гунигтай. Гэвч жилийн ганц өдөр нь завтай яваад, саатаад гарна гэдэг аз ажээ.
Л.Сая
Сэтгэгдэл (1)