АНУ-ын армийн цэрэг Травис Кинг Хойд Солонгосын хилийг зөвшөөрөлгүй нэвтэрснээсээ хойш долоо хоногийн дараа Америкийн хамгаалалтад буцаж ирсэн байна. Тэрбээр суллагдсаныхаа дараа АНУ руу нисэж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэв.
"Түүний сайн сайхны төлөө уйгагүй ажилласан агентлаг хоорондын багийн хичээл зүтгэлийг бид үнэлж байна. Түүнчлэн БНАСАУ-д АНУ-ыг хамгаалах дипломат үүрэг гүйцэтгэсэн Шведийн засгийн газар болон түүний дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд тусалсан БНХАУ-ын засгийн газарт талархаж байна” гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгдэлдээ дурджээ.
Кингийг сулласан нь АНУ болон Хойд Солонгосын харилцаанд тохиолдох ховор дипломат амжилт юм. Саяхан АНУ-ын эрх баригчид Пхеньяныг Украин дахь тулалдаанд Орост зэвсэг өгөхгүй байхыг олон нийтэд анхааруулсан нь түүнийг эргүүлэн татах оролдлогод хүндрэл учруулж байлаа.
Энэ сарын эхээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-ыг зорьсон. Хойд Солонгосоос Өмнөд Солонгост заналхийлсэн баллистик пуужингийн цуврал туршилтыг мөн АНУ буруушааж байна.
Лхагва гарагийн өглөө Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр KCNA мэдээлснээр, долдугаар сард Хойд болон Өмнөд Солонгосын хамтарсан аюулгүй байдлын бүсэд (JSA) аялах үеэр Хойд Солонгосын нутаг дэвсгэрт нэвтэрсэн Кингийг хөөж гаргах шийдвэр гаргасан гэжээ. Энэ хугацаанд түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.
Л.Сайнаа