БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотноо Хятад-Монголын сэтгүүлчдийн XIV форум энэ сарын 18-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Монголын 40 сэтгүүлч оролцсон уг форумын хүрээнд БНХАУ-ын Яньтай, Чиндао хотоор зорчсон тэмдэглэлийг цувралаар хүргэж байна.
Бидний аялалын хамгийн эхний цэг бол Яньтай хотын Жанюй дарсны соёлын музей байлаа. Дарс гэдэг хуучин цаг ихэс дээдсийн ундаа, одоод орчлон хорвоогийн соёл болтлоо хөгжсөнг үзэв. Барууны соёл нэгэн цагт хүчээ авч асан уг хотод 1900 оны эхээр дарсны үйлдвэрлэл баганаа босгож байв. Тиймдээ ч далайн эргийн энэ хот өнөөдөр дарсны соёлыг алдаршуулж буй хэрэг.
Уг музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замын 56 тоотод байрладаг. Үндсэн барилга нь бараг 4000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг бөгөөд нийт барилгын талбай нь 10,000 хавтгай дөрвөлжин метр байдаг. Дарсны том зоорь нь 2,666 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, дарсны соёлын талбай нь 30,000 хавтгай дөрвөлжин метр, музейн талбай нь 40,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг.
Жанюй дарсны соёлын музей нь Дарсны соёлын талбай, Ерөнхий танхим, Түүхийн танхим, Кино телевизийн танхим, Орчин үеийн танхим, Уран бичлэг, уран зургийн танхим, ховор бүтээгдэхүүний танхим, газар доорх том дарсны зоорь зэргээс бүрджээ. Ухаалаг далд ус зайлуулах системийг зоорины дотор болон гадна талд зохион бүтээсэн. Чин гүрний Бадру улт төр хааны 31-р онд /1905 он/ барьж дуусган, дэлхийн барилга байгууламжийн түүхэнд гайхамшиг гэж нэрлэгджээ.
Музейн эх суурь болсон 1892 оноос эхлэлтэй Changyu Pioneer Wine Co. Inc нь дотоодын зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг учир сүүлийн олон жилийн турш Хятадын хамгийн алдартай дарс үйлдвэрлэгч байсаар ирсэн. Тус компани 1992 онд Янти хотын Жифу дүүрэгт Чаню дарсны соёлын музейг байгуулжээ. Музей нь Чанюй хотын хөгжлийн түүхийг бүрэн дүүрэн харуулахаас гадна Хятадын дарсны үйлдвэрүүдийн хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Тус музей нь Дарсны соёлын талбай, газар доорх дарсны зоорь, Чангюү дарсны үйлдвэрийн түүхийн танхим зэрэг жуулчдын сонирхлыг татах сонгодог газруудтай. Газар доорх дарсны зоорины барилгын ажил 1894 онд эхэлж 1903 онд дууссан. 11 жил үргэлжилсэн энэхүү барилгын ажил нь тухайн үед Азид анх удаа газар доорх зоорь байгуулсан явдал байв. Тэнд бүх төрлийн дарсаар дүүргэсэн хэдэн мянган торхыг эмх цэгцтэй гэгч байрлуулсан байхыг та харж болно. Энэ бол тус хотод зочлон ирсэн хэн бүхний заавал очдог газар болжээ.
Та хэзээ нэгэн цагт энд ирэхийг хүсвэл NO.56, Дамалу зам, Жифу дүүрэг "56, Damalu Road, Zhifu District" хаягийг хадгалаад аваарай. Уг газар 08:00-17:00 цагийн хооронд ажилладаг. Утас нь 0535-6632892. Хэрэв та хөтөчгүйгээр ирэх бол №3, №18, №28, №61 автобусанд суугаад Changyu музейн зогсоол дээр бууж болно шүү.
Та музейд үнэгүй дарс ууж болно. Яньтай хотын байгалийн үзэсгэлэн, далайн эхүүн үнэртэй уг дарсных нь амт зохицдог тухай бидэнтэй барилгын гадаах гудамжинд санамсаргүй таарсан Өвөр Монгол эр өгүүлсэн юм.
Тэднийх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь хотын дунд сургуульд сурдаг. Монгол хэл бага зэрэг мэддэг. Мань эр 1997 онд ганзагын наймаа хийхээр ОХУ-ыг зорин галт тэргээр зорчихдоо Монголд хэсэг саатаж байсан түүхээ бидэнд ярьсан юм. Түүний хэлснээр энэ хот далайн гаралтай хүнс, дарс, нутгийн аялга, аялал жуулчлал, найрсаг ард түмнээрээ алдартай гэнэ лээ.
Л.Сайнаа