Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл нэгээр нэмэгдэж, "Bars" брэнд нээлтээ хийлээ. Одоогоос жил орчмын өмнө буюу 2022 оны аравдугаар сард "Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва "Bars" брэндээ олон нийтэд танилцуулсан юм.
100 хувь цэвэр арьсаар урлах дахин давтагдашгүй эл брэндийг жүжигчин залуу олон жил бодож, төлөвлөж, мөрөөдөж явсны эцэст ийн биелэлээ олжээ.
Брэндийн албан ёсны нүүр царайгаар жүжигчин Б.Барслхагва, загвар өмсөгч, модель С.Төгс нар ажиллаж буй. Харин "Bars брэндийн дахин давтагдашгүй загваруудыг "Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар урлажээ.
Ийнхүү уншигч та бүхэнд "Bars" брэндийн нээлтийн үйл ажиллагааны үеэр бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна. Нээлтийн үеэр "Bars" брэндийн үүсгэн байгуулагч "Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва, стилист Г.Нинжбадгар нартай цөөн хором ярилцлаа.
Б.Барслхагва: Үндэсний үйлдвэрлэгч байх нь маш хэцүү, хүнд даваа байдаг юм байна
Тэрбээр "Маш их сандарч байна. Юуны өмнө "Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгардаа маш их баярлалаа. Нинжээ маань хоёр жилийн өмнө санал тавьж байлаа. Анх түүний саналыг сонсоод өөртөө итгэлгүй байсан. Би өөрийнхөө нэрээр брэнд үүсгээд, энэ нь өөрөө брэндинг болж чадах уу зэрэг олон асуулт толгойд орж ирсэн. Чанартай, загварлаг хувцас гаргахыг зорьсон. Бид энэ ажлыг эхлүүлэх гэж явсаар хоёр жилийн хугацааг өнгөрөөсөн. Одоо ийнхүү том ажил болчхоод явж байгаад баяртай байна.
Үндэсний үйлдвэрлэгч байх нь маш хэцүү, хүнд даваа байдаг юм байна. Энэ давааг даван туулаад үндэсний үйлдвэрлэгч болоод явж буй үндэсний үйлдвэрлэлүүдээр бахархаж байна.
Бид хувцсандаа орж буй арьс ширийг зөвхөн эх орноосоо авч, Монгол хүнд тохирсон гайхалтай хувцаснуудыг хийгээд явж байна. Монгол малын арьсыг зүсэхгүй л бол урагддаггүй юм билээ.
Бид Монголдоо дэлгүүрээ нээж байгаа боловч, цаашдаа гадагшаа бүтээгдэхүүнээ гаргахаар судалж байгаа. Тухайлбал, Ази, тэр дундаа Япон улсад.
Манай брэндийн хоёр нүүр царай бол загвар өмсөгч, модель С.Төгс, бид хоёр байгаа. Хамтран ажиллах саналыг маань хүлээн авсан С.Төгсдөө маш их баярлалаа. Мөн нээлтийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэн найзууд, дотны хүмүүстээ маш их баярлалаа" гэв.
Г.Нинжбадгар: Бидэнд үүнийг хийж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байсан
Тэрбээр "Миний бие хувцас загварын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Дизайнер гэхээсээ илүү стилистээр их ажилласан. Энэ төсөл бол хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн төсөл л дөө.
Надад ийм санаа байна гэж Барсаад хэлсэн. Гэтэл Барсаа маань өөрийн брэндтэй болохыг мөрөөддөг байсан хэмээн сайхан хүлээж авсан.
Гэхдээ бидэнд үүнийг хийж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байсан. Гэсэн ч ийнхүү ард нь гарсанд баяртай байна" гэв.
"Bars" брэнд нь бүх арьсаа Монголдоо боловсруулж, Монголдоо үйлдвэрлэж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 100 орчим хүний ажлын байрыг шинээр бий болгоод байгаа юм. Иймд уншигч та бүхэн загварлаг, дахин давтагдашгүй, чамин ур хийцтэй цэвэр арьсан загваруудыг "Bars" брэндээс сонгох боломжтой аж.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)