БАРИМТ 1
Б.Пунсалмаа нь айлын дунд хүүхэд.
БАРИМТ 2
Түүний аав Монгол хэл, уран зохиолын багш хүн. Тиймдээ ч тэрбээр багаасаа ном их уншдаг байжээ. Тухайлбал, багадаа агуу хүмүүсийн түүх сонирхож уншдаг байсан гэнэ. Үүнээс гадна улс орны хөгжлийн түүх унших дуртай болжээ.
БАРИМТ 3
Мөн бага насандаа шүлэг найраг бичдэг байв.
БАРИМТ 4
Тэрбээр 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсжээ.
БАРИМТ 5
Сургуулиа төгсөөд жил орчим Капитрон банкны маркетингийн албанд ажиллаж байгаад нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Глобал лайн” компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж эхэлсэн байна.
БАРИМТ 6
Үүний дараа буюу 2006 оноос "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн аж.
БАРИМТ 7
Одоогийн байдлаар тус компани нь 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад 30–40 тэрбум төгрөгийн татвар төлдөг МҮХАҮТ-ийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэг.
БАРИМТ 8
Түүний өдрийн төлөвлөгөөний жагсаалтад ном уншиж, дасгал хийх нь байнга багтдаг байна.
БАРИМТ 9
“Миний багын мөрөөдөл нь нэг том институтын дарга болох байсан. Одоо ингээд харахад би өнөөдөр нэг компани удирдаад явж байгаа маань мөрөөдөл маань биелсэн гэж хэлж болохоор” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 10
Тэрбээр арван жилийн сурагч байхдаа ангийнхаа хамгийн жижигхэн биетэй охин байжээ. Сунгалт хийж, бассейнд явж өсөх гэж хичээдэг байсан аж.
БАРИМТ 11
Тэр "Mongol made" төслөөрөө импортын саванг халж, 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилгоороо чамгүй эерэг дүр болон олонд танигдсан нэгэн.
БАРИМТ 12
Хамгийн сүүлд тэрбээр “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, энэ үеэрээ олон бизнес эрхлэгчийг дэмжсэн байдаг.
БАРИМТ 13
Тэрбээр бизнес эрхлэхийн хажуугаар улс төрийн амбицаа гээсэнгүй. Тухайлбал, 2020 оны сонгуульд Сонгинохайрханд дүүрэгт АН-аас нэр дэвшсэн удаатай.
БАРИМТ 14
Сонгуульд багагүй мөнгө зарцуулсан ч, хашаатай айл бүрийг худагжуулна хэмээн ам гарч байсныг олон түмэн мэдэх билээ.
БАРИМТ 15
Түүнд брэндийн хувцас өмсөх нь тухгүй санагддаг гэнэ. Тиймдээ ч биед эвтэйхэн хувцас сонгодог аж. Түүний хувцасны шүүгээ минималист хэв маягтай.
БАРИМТ 16
Түүний амнаас хамгийн их гардаг үг бол “хурдан” гэдэг үг. Тэгэхээр хурдтай ажиллахыг чухалчилдаг гэж хэлж болох юм.
БАРИМТ 17
Б.Пунсалмаагийн өөрийн жилийн орлого 85 тэрбум төгрөг. Харин гэр бүлийн жилийн орлого 83,9 тэрбум төгрөг аж.
БАРИМТ 18
Тэр 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover, Porsche Boxter машинтай.
БАРИМТ 19
Google-ийн аппуудыг их ашигладаг гэнэ.
БАРИМТ 20
Тэр юм бодох үедээ Моцартын 5, 7, 40 дүгээр симфониудыг тавьдаг аж.
БАРИМТ 21
Орой 10 цагт унтаж, өглөө 5 цагт сэрдэг хэмээн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 22
Тэрбээр нэрэлхүү занд дургүй аж. Тухайлбал, түүний ээж “Залуу хүн хүнээс айж ичээд яах вэ. Мэдэхгүй бол асууж бай. Яахав дээ, залуу юм чинь" гэдэг байжээ.
БАРИМТ 23
Нэгэн ярилцлагадааа “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг үг их хүчтэй дуулдах болжээ. Энэ бол маш сайн хэрэг. Гэхдээ манай улсын хувьд шийдвэр гаргах, манлайллын шатанд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээрээ л байна. Эмэгтэйчүүд илүү хүчирхэг байя гэвэл бие биеэ дэмжих хэрэгтэй гэж боддог” гэсэн байдаг.
БАРИМТ 24
Тэр энэ жил Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшээд буй. Тус холбооны шинэхэн ерөнхийлөгч есдүгээр сарын 26-ны өдөр тодорно.
Сэтгэгдэл (9)