БАРИМТ 1
Тэрбээр МУИС-ийн ЭЗС-ийг санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгсөж, 1997 онд "MCS"-д санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон. Тус компанид Дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжиж 24 жил тасралтгүй ажиллаж, 2022 онд ажлаа хүлээлгэн өгсөн юм.
БАРИМТ 2
Сүүлийн жилүүдэд "Шарк Танк" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болж, олны өмнө гарч ирсэн билээ.
БАРИМТ 3
Д.Энхтүвшин урлагт дуртай. Учир нь урлагийг байнга хувьсан өөрчлөгддөг учраас аливаа шинэчлэлтэд бэлэн байхад тусалдаг гэжээ. Сүүлийн үед контемпорари арт урлаг сонирхох болжээ.
БАРИМТ 4
Тэрбээр гурван хэсэг бүхий номын сантай. Нэгдэх нь түүх, урлагтай холбоотой, 2 дахь нь бизнес, эдийн засаг, улс төр, буддын гүн ухаантай холбоотой, 3 дахь нь уран зохиолын ном.
БАРИМТ 5
Түүний хорь гаруй жилийн карьерын нэг онцлог нь CEO буюу гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаагүйд оршино.
БАРИМТ 6
1990 оны сүүл, 2000 оны эхээр итгэл үнэмшлээр нэг хэсэг МАН-ын оюутан, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан боловч захирал Ж.Оджаргал аль нэгийг сонгоорой гэхэд нь эргэлзээгүй компаниа сонгож байсан гэдэг.
БАРИМТ 7
Түүнд дууссаны дараа ч толгойд үргэлжилдэг, юм бодогдуулдаг арт маягийн кино, эсвэл бодит үйл явдалд сэдэвлэсэн кино илүү таалагддаг.
БАРИМТ 8
Тэрбээр голдуу 6 цаг орчимд дасгал хөдөлгөөнөөр өдрөө эхлүүлэн төвлөрч унших, судлах ажлуудаа амжуулж, бодлоо цэгцэлж, ойролцоогоор 9 цагийн үед ажилдаа ордог хэмээн дурдаж байв.
БАРИМТ 9
Д.Энхтүвшин төлөвлөгөөнүүдээ гар утасныхаа "Notes" дээр тэмдэглэдэг. Тэр нь эрүүл мэнд, гэр бүл, ажил, мөнгө санхүү, найз нөхөд, хобби, хувь хүний хөгжил гэсэн долоон зүйлтэй хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 10
Номын сан хичээл сурлагад нь сайнаар нөлөөлсөн учир нэг ч гэсэн хүүхдэд тус больё гэж бодсны үндсэн дээр Баянхошуунд Франц найзтайгаа хамтран сургууль завсардсан хүүхдүүдэд албан бус боловсрол олгодог "Хүүхдийн гэр" гэдэг ТББ-д номын сан, мөн Вива сити хотхонд "Бяцхан мэргэд" гэдэг хүүхдийн номын сан байгуулж өгчээ.
БАРИМТ 11
Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа байсан ч тэрбээр үгүйсгэж байсан билээ.
БАРИМТ 12
Ингээд өдгөө 2023 онд "шарк" хочит Д.Энхтүвшин 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг 4 жилийн хугацаатай удирдах Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Сэтгэгдэл (4)