БАРИМТ 1
Тэрбээр 1999 оны зургадугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ.
БАРИМТ 2
Түүний аавыг Р.Энхсайхан, ээжийг Д.Цэдэвсүрэн гэдэг. Тэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчид юм.
БАРИМТ 3
Э.Дэлгэрмээ айлын ууган охин. Тэр гурван дүүтэй.
БАРИМТ 4
2014 онд Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж байв.
БАРИМТ 5
Өвөрхангай аймгийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Мөн ҮБТДС-ийн төгсжээ.
БАРИМТ 6
2016 оноос “Мегастарс” клубт гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж буй.
БАРИМТ 7
Тэрбээр анх 17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү булаалдахдаа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт дийлдэн, мөнгөн медаль хүртэж байв.
БАРИМТ 8
2019 онд зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гээс хүрэл, Д.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 9
Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм.
БАРИМТ 10
Дэвжээнд гарахаасаа өмнө намайг дэмжиж байгаа хүмүүс, эх нутаг, аав, ээж минь харж байгаа даа. Надад бууж өгөх, буцах эрх байхгүй гэж өөрийгөө зоригжуулаад дэвжээнд гардаг хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн юм.
БАРИМТ 11
Э.Дэлгэрмаа өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Сербийн Белград хотноо болж буй ДАШТ-ны 68 кг-ийн жинд Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпийн хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан билээ.
БАРИМТ 12
Харин хагас шигшээд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед цэвэр ялж, ДАШТ-ны мөнгөн медалийн болзол хангасан юм. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө барилдана.