ЭШЛЭЛ 1
Эстони бол 1,3 сая хүн амтай, пост коммунист орон. Манайхтай олон талаараа төстэй. Нэг том ялгаа нь газар нутаг багатай, байгалийн баялаггүй. Газар дороо баялаггүй ч, тархин дотроо жинхэнэ баялаг бүтээж, ДНБ-нийхээ дийлэнх хувийг оюун ухаанаасаа олборлодог, технологийн салбараа амжилттай хөгжүүлж эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж чадсан улс.
ЭШЛЭЛ 2
УИХ-ын Цахим бодлогын түр хорооны даргын хувиар миний бие, төр, хувийн хэвшлийнхнээс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр анх Эстонид очсон. Танин мэдэхүйн биш гарц шийдэл эрж хайсан айлчлал болсон. Эстонид X-Road хэмээх төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй байсан. Бид гэрээр бол тооногүй, баахан унь босгох гээд нурж унаад байгаагаа олж харсан.
ЭШЛЭЛ 1
Ингээд Эстонийн туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэдний И-Засаглалын академитай нь зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Эстоничууд ч, Дэлхийн банкны Ухаалаг засаглал хөтөлбөрийн шинжээч нар ч цахимжилт бол зөвхөн технологийн асуудал биш, хууль эрх зүй, бодлогын шинэчлэл шүү гэж зөвлөж байсан. Үнэндээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого тэдний хувьд 76-р асуудал байсан.
ЭШЛЭЛ 4
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголыг анх 2020 онд 100 хүрэхгүй үйлчилгээтэй нээж байсан бол өнөөдөр гар утаснаас авдаг төрийн үйлчилгээ мянгыг давсан. Төрийн албан хэргийг цахимаар явуулж хэвшиж байна. Энэ бүхний үр дүнд НҮБ-аас гаргадаг Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байраар урагшилж дэлхийд 74-рт орсон.
ЭШЛЭЛ 5
НҮБ-ын “Нээлттэй засаглалын түншлэл” олон улсын байгууллагын тавьсан дүн, хөндлөнгийн үнэлгээ. Эгнээнд нь нэгдсэн дэлхийн 70 гаруй улс, 100 гаруй орны иргэний нийгмийн байгууллага Монголын цахим шилжилтийн хүрсэн амжилтыг хамтран үнэллээ. Энэ нь мөн Монголд хөрөнгө оруулалт дуудсан дохио, олон улсад хүргэсэн сайн мэдээ юм.
ЭШЛЭЛ 6
Цахим засаглал бол авлигын эсрэг шийдэл. Авлигатайгаа тэмцэж байна гэдгийн нэг итгэмжит нотолгоо. Авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлж, дагаад гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл сайжирч, нөгөө айхтар саарал жагсаалтын аюулыг холдуулна.
ЭШЛЭЛ 7
Эстониос зөвлөх үйлчилгээ авсны дагуу Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг ил тод болгохыг хуульчилсан. Одоо хуульд заагаагүй бол төрийн болон албаны нууц гэдэг тамга дарвал хууль зөрчинө. Авлига, хуйвалдааныг нуух аргагүй болсон.
ЭШЛЭЛ 8
Технологи бол авлигын эсрэг хүчтэй зэвсэг. Технологид хувийн шунал, сувдаг хүсэл, хамаатан садан, хоёр нүүр байхгүй. Технологи хүн танихгүй ч хүн бүрийн царайг танина. Хүнээс хамаарахгүй технологи хүн чанартай. Хүнийг ялгаварладаггүй учраас хүн чанартай.
ЭШЛЭЛ 9
1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш кибер аюулгүй байдлын хууль байхгүй 30 жил явсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо ч бүрэн бус байсан. Кибер аюулгүй байдлын хуулиа өнгөрсөн онд баталж, кибер аюулгүй байдлын тогтолцоог шинээр бүрдүүлж эхлээд удаагүй байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүтэц ажилладаг болсон.
ЭШЛЭЛ 10
Цахим өрсөлдөх чадварын индекс төдийлөн урагшлаагүй. Энэ бол мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэл, инновацтай холбоотой үзүүлэлт юм. Цахим өрсөлдөх чадварын индексийг сайжруулахын тулд шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, ирээдүйн бэлэн байдлыг сайжруулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 11
И-Монголоор тогтмол 1,6 сая хүн үйлчлүүлж байна. Хамгийн ахмад настай хэрэглэгч 99 настай, 1924 онд төрсөн хүн И-Монголд бүртгэлтэй байна. Иргэн нь төрдөө хандахаас илүү төр нь иргэндээ очиж байгаа шийдэл. Төрийн 83 байгууллагын 1000 гаруй цахим үйлчилгээ үзүүлж байна. Чихэр набораа бариад, таньдаг хүн сураглаад, гутлын улаа эргүүлэхээр гардаг байсан цаг мартагдсаар байна.
ЭШЛЭЛ 12
Зөвхөн финтек буюу санхүүгийн технологиос Эстони улс 10 тэрбум долларын ашиг олдог. Монголд ч онлайн санхүүгийн үйлчилгээ хөгжиж байна. Банкууд, банк бусууд онлайнаар зээл өгдөг болсон.
ЭШЛЭЛ 13
Манайд нэг цэгийн үйлчилгээ олон цонхтой байдаг нь мэдээллийн нэгдсэн системгүй, монгол гэрээр бол олон тоонотой гэсэн үг. Өнөөдөр хуулийн этгээд, хууль, үл хөдлөх болон хөрөнгийн, иргэний гэсэн 5 бүртгэлийг нэг дор зангидсан.
ЭШЛЭЛ 14
Эстонид “Дижитал сервис центр” гээд ТҮЦ шиг цэгүүд олноор байдаг. Манай Нэг цэгийн үйлчилгээ шиг том барилга дотор олноор суудаггүй. Төр нь төвлөрөх, иргэдээ ирүүлэх биш хүмүүстээ хүрч очих, ойртож үйлчлэх зарчим барьдаг. Үүн шиг бид операторын горимоор үйлчилж эхэлсэн.
ЭШЛЭЛ 15
Шилэн ажиллагааны хүрээнд нийтийн мэдээллийг ил болгосны үр дүнд ЖДҮ-г хөгжүүлэх санд 8,9 тэрбум төгрөг, Боловсролын зээлийн санд 1 сая доллар эргэн төлөгдсөн нь дараа дараагийн боломжийг нээж байна. Сангууд ч дураараа аашлах бус зөв менежмент хийхгүй бол “буруу” мөнгөний ул мөр хэзээ ч арилахгүй гэдгийг ойлгодог болсон.
ЭШЛЭЛ 16
Кибер аюулгүй байдлын хуулийн тогтолцоог амилуулахын тулд цахим орчинд хүний эрхийг хамгаалах шаардлага гарсан. Олон нийтийн дэмжлэгтэйгээр ач холбогдол, үнэ цэнийг нь ойлгуулж, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцан ойлголцож, илүү зөвшилцөлтэйгөөр шүүн тунгааж, хэлэлцэн батлах цаг ирнэ ээ гэдэгт итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 17
Тусгай сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулж бүх нийтийн үүргийн санг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийн корпораци болгоно. Улсын төсвөөс биш компаниудын татварын дараах 3 хувиас бүрддэг, эрүүл цэвэр сан. Төсвөөс бүрдээгүй мөртлөө төсөвт тусгаж оруулаад, төсвөөс буцаж гаргадагт хувийн хэвшлийнхэн дуртай биш байдаг. Өөрсдийнхөө нийлүүлж бүрдүүлсэн мөнгийг өөрсдөө хянадаг, өөрсдөө зарцуулдаг болгоно.
ЭШЛЭЛ 18
Өргөн нэвтрүүлгийн хуулийг нь шинэчилнэ. Зах зээлийнхээ жамаар хөгжих үзэгчдийн санал бодлын төлөөх өрсөлдөөн, зар сурталчилгаа нийлүүлэгчдийн чөлөөт сонголтод төр оролцох нь буруу. Үзэгчдийнхээ үнэлгээгээр ашгаа олно.
ЭШЛЭЛ 19
mindgolia.mn системд монгол залуучуудын тархинд үйлдвэрлэгдсэн 300 гаруй бүтээгдэхүүн байршчихсан байна. Бүтээсэн программаа хэн ч тавиур дээр нь өрж болно. Төр биш Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо өдөр тутмын үйл ажиллагааг нь эрхэлж байгаа. Байршсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийгдэж байгаа нь төрийн цахим худалдан авалттай шууд холбох зорилготой. Нэг сайд, шөнө зүүдлээд, өглөө сэрээд, супер шинэ захиалга бодож олдог уран сайхны арга барил биш бүртгэлийн системээр хийдэг зарчимд шилжинэ гэсэн үг.
ЭШЛЭЛ 20
Төрийн байгууллагуудын авто зогсоол, цагийн бүртгэлийн программууд нь өөр өөр, хоорондоо холбогддоггүй байж болохгүй. Энэ бүхнийг 10-20 жил хийж алдаж оноод туршлагажчихсан хувийн хэвшлийнхний бүтээсэн програмууд бэлэн байхад төр өөрөө шинээр дугуй зохиох нь утгагүй. Засгийн газрын хуралдаанаас Төр өөрөө систем хөгжүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Төр бол программ бүтээгч, хөгжүүлэгч биш худалдан авагч.
ЭШЛЭЛ 21
Цахим технологийн салбарт төрөөс гаргах шийдвэр бүхэн нэг л зарчим дээр тулгуурлаж гарна. Энэ нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, дэмжих зарчим юм. Том төсвөөр дэмжихгүй.
ЭШЛЭЛ 22
Удахгүй Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барина. Мэдээлэл технологийн хуульгүй явж ирсэн. Хиймэл оюун ухаан гэж юу вэ, юмсын интернэт гэж юу вэ? Юу гэдгийг нь ч мэдэхгүй байж нэг л их дэмждэг, зохицуулдаг төр болох гээд балардаг шүү дээ. Энэ бүхнийг хуулиар тодорхойлно.
ЭШЛЭЛ 23
Монгол хамгийн хямд интернэттэй 10 улсын нэг. Бага зах зээлд төр хутгалдаагүй чөлөөт өрсөлдөөн их байгаа. Нөгөө талаар хоёр их гүрний дундах манай байршил онц чухал нөлөөтэй. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг шилэн кабелиас түрээс авдаг, орлого олдог.
ЭШЛЭЛ 24
Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил хүнээр бол идэр насан дээрээ өдөр хоногоор өсөн өндийж бие, ухаан нь ид хөгжиж байна. Хоногоор бол үүр цайж байна.
Сэтгэгдэл (1)