Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээлд Z болон Y үеийнхэн ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Энэ бүтэц ирэх жилүүдэд төдийлөн өөрчлөгдөхгүй учир ажил олгогчдын зүгээс тэдэнд зориулж бодлого, менежментээ өөрчлөх шаардлагатай болж буй талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянгатай ярилцлаа.
-Голомт банк бол системийн нөлөө бүхий 5 банкны нэг. 2000-аас дээш ажилтантай томоохон компанийн хувьд хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?
-Манайх 2300 гаруй ажилтантай бөгөөд 33 хувь нь Z үеийн залуучууд. Ирэх жилүүдэд энэ тоо 50-60 хувь болж нэмэгдэнэ гэж харж байгаа. Үлдсэн 60 гаруй хувийг Y буюу шинэ мянганыхан бүрдүүлж байна. Тэгэхээр бид цаг үеэ дагаад залуу үеийнхнийг сонсож, тэдний онцлогт тохируулан хүний нөөцийн зөөлөн бодлого баримтлахын зэрэгцээ хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг зорьдог.
Голомт банк “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон банкны урт хугацааны, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг.
Мөн ажилтнуудаа тасралтгүй суралцаж хөгжих, ажилтны замналыг сайжруулах, багаар ажиллах, мэдлэгээ хуваалцах, сургалт хөгжлийнхөө эзэн байх боломжийг нь бүрдүүлэн “Ажилтан та - Хөгжлийн голомт” уриатайгаар дотооддоо “Сургалтын академи”-ийг үүсгэн байгуулж, сургалтын модельд үндэслэн сургалт хөгжлийн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна сургалтуудаа дижитал хэлбэрт шилжүүлээд байна.
Банкны хэмжээнд үүссэн ажлын байруудад бид дотоод ажилтнуудаа дэвших, өөрийгөө сорих боломжийг нь түрүүлж олгодог. Бид ажилтнаа хөгжүүлж, тасралтгүй суралцаж хөгждөг байгууллага урт удаан хугацаанд оршин тогтнож чадна гэдэгт итгэдэг.
-Нийт ажилтнуудын дунд залуучуудын эзлэх хувь ирэх жилүүдэд 50 хувийг давахаар байна гэлээ. Хүний нөөц талаас залуучуудад хэрхэн анхаарч байна вэ?
-Залуу үеийнхний хувьд өөрийн хийж байгаа ажлаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээх хүсэл эрмэлзэлтэй, тухайн байгууллагын соёл байгаль орчин, нийгэмд болоод өөрт нь ямар үнэ цэн өгч байгаад их анхаардаг болсон. Бидний хувьд энэ хүлээлтэд нь нийцсэн байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банкны ажилтнууд байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө “G-Volunteers” сайн дурын клубийг байгуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон”, “Хоггүй Монгол хөдөлгөөн” зэрэг олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хамт олноороо “Голомтын төгөл” нэртэй гацуур модтой төгөл байгуулан жил бүр мод тарьж, усалж торддог уламжлалтай.
Мөн ажилтнуудаа зуны цагт гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, амрах боломжийг “Ойн булаг зуслан” хөтөлбөрөөр дамжуулан олгож, жил бүр тусгайлан тохижуулсан тохилог зуслангийн байшингуудад ээлжлээд амрах боломжийг бүрдүүлсэн. Төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, Голомт банкны спорт явган аяллыг онцолмоор байна. Энэхүү аяллыг 23 жилийн турш зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил гэхэд Хагийн хар нуурын явган аялалд 150 гаруй ажилтан амжилттай яваад ирсэн.
Ажилтнууд бол байгууллагын хамгийн том үнэт баялаг. Тийм ч учраас бид “Эрүүл ажилтан - Хөгжлийн голомт” уриан дор ажилтнуудынхаа сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, дархлаажуулах зэргээр цуврал сургалт, контент, аян хөтөлбөрүүдийг жилийн турш тогтмол зохион байгуулж, банкны эмч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.
Мөн залуучууд зайнаас буюу орон нутгаас ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой талаар асуудаг бөгөөд бид банкны хэмжээнд ажлын байрны уян хатан цагийн тогтолцоог бий болгож, ажлын 1-2 өдөр нь зайнаас ажиллах, тухайн ажилтан ажилдаа ирэх болон тарах цагаа өөртөө тохируулан сонгох, хөл хүнд ажилтнууд ажлын цагаа богиносгох, жирэмсний амралттай байгаа ээжүүд, оюутнууд цагаар болон зайнаас ажиллах боломж олгох зэргээр хүний нөөцийн зөөлөн бодлого руу шилжээд байна.
-Банкны салбар бусад салбараас юугаараа онцлог вэ? Ажлын байрны эрэлт хэр их байдаг бол?
-2022 оны байдлаар банк, санхүүгийн салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байгаа гэсэн статистик судалгаа бий. Үүнээс 12 хувийг Голомт банкны ажилтнууд эзэлдэг буюу систем маань 16 мянган хүнийг ажлын байраар хангах багтаамжтай гэхээр ажлын байрны эрэлт их байгааг харуулж байна.
Банк бол харилцагчийн итгэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг маш чухал, хариуцлагатай салбар гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинэ үеийнхэнд болон бусад ажилтнууддаа зориулж бид дотоод соёл, менежментээ сайжруулаад явахын зэрэгцээ тэдэнд тавих шаардлага ч мөн тодорхой хэмжээнд салбарын онцлогтойгоо уялддаг гэсэн үг. Бид өндөр ур чадвартай байхаас гадна хариуцлагатай, ёс зүйтэй, итгэлтэй, хамгийн гол нь зөв хандлагатай хүн ажилд авахыг гол шалгуур болгож эрхэмлэдэг.
-Банкны салбар гэхээр зарим оюутнуудын хувьд зөвхөн эдийн засагчаар л төгссөн хүн ажиллана гэж бодож байж магадгүй. Тэгэхээр тэдэнд зориулж банкны салбарт ямар ажлын байр, ямар боломжууд байдгийг тайлбарлаж өгнө үү.
-Голомт банк 270 гаруй төрлийн ажлын байртай бөгөөд маркетинг, хүний нөөц, IT, эрсдэл, нягтлан бодогч, нярав, дотоод аудит, борлуулалт, зээл, хууль, комплаенс гээд л төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг. Тиймээс бид банкны ажил мэргэжлийг таниулах “Оюутны дадлагын хөтөлбөр”-ийг бас хэрэгжүүлдэг юм.
-Танайд ажилд орохоор сонирхож буй ажил горилогчид ямар шалгуурууд тавьдаг вэ? Шинэхэн төгсөгчид эсвэл залуучууд танайхаас тавьдаг шалгууруудыг хангаж чадаж байна уу?
-Тавигдах шалгуурын хувьд хувь хүний хандлага, зөөлөн ур чадвар, ялангуяа багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй байж гол нь тухайн хүн цаашид суралцаж хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн, банк санхүүгийн салбарт ажиллаж, хувь нэмрээ оруулах зорилго тэмүүлэлтэй байх нь чухал.
Жил бүр олон шинэ төгсөгчид ажлын байран дээр гарч байгаа ч зарим ур чадварын хувьд ялангуяа бичгийн ур чадвар, англи хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар зэргийг нь сайтар хөгжүүлэх шаардлага тулгардаг нь үнэн. Гэхдээ бид энэ асуудлыг зүгээр хараад суух биш шийдэл хайж, тухайн залуусыг сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахад төсөөлөлтэй, дөртэй байлгах тал дээр анхаарч гадны төсөл хөтөлбөрүүдийг ч дотооддоо амжилттай хэрэгжүүлж байна.
-Тухайлбал ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Европын Холбооны санхүүжилтээр “Дээд боловсролын сургалтын байгууллага банк, даатгал чиглэлээр төгсөж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэсэн “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийг Боловсролын яам, СЭЗИС, Отгонтэнгэр их сургуультай хамтран Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөр нь оюутнуудад 6 сарын хугацаанд кредитээ тооцуулан банканд үндсэн ажилтан шиг үүрэг хариуцлага хүлээн цалинтай дадлагажиж, оюутны эзэмшсэн онолын мэдлэгийг ажлын байран дээрх практиктай уялдуулах, ажилтны эзэмшвэл зохих суурь ур чадвар, ёс зүй хандлагыг сайжруулж төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
-Тэгвэл шинэ ажилтнуудад ажилтайгаа танилцаж, хамт олондоо дасан зохицоход хэрхэн яаж дэмжлэг үзүүлдэг вэ?
-Манай шинэ ажилтнуудын 30-40 хувь нь оюутан, залуучууд байдаг. Аливааг маш хурдан сурдаг, ажил хийх эрмэлзэл дүүрэн байдаг учраас оюутан залуучуудыг бид ажилд авах дуртай. Шинэ гишүүнээ бид бүрэн бэлтгэлтэйгээр халуун дотноор хүлээн авдаг бөгөөд туршилтын хугацаанд дасан зохицох 3 сарын хөтөлбөрт хамруулдаг юм. Энэ нь тухайн ажилтан манай байгууллагад тохирох хүн мөн үү, тухайн хүнд бас манай байгууллага тохирох уу гэдгийг мэдэх боломж олгож байгаа хэрэг. Энэ хугацаанд нэгж бүрд байдаг “Buddy” буюу чиглүүлэх ажилтан тухайн ажлын байранд шаардлагатай дотоод нарийн ширийн бүхий л зүйлсийг зааж зөвлөдөг. Түүнчлэн шинэ ажилтнуудаа байгууллагын соёлд нэгтгэх, бэлтгэн чиглүүлэх, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх олон төрлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдгийн нэг нь “New talent” арга хэмжээ юм.
Харин шинэ удирдах ажилтнуудын хувьд “Менторшип” хөтөлбөрт хамруулдаг. Шинэ ажилтнууд эсвэл дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн ажилтнуудад ч мөн дасан зохицох хугацаа шаардлагатайг тооцож эдгээр хөтөлбөрийг боловсруулсан. Үүний үр дүнд нийт ажилтнуудын банкандаа ажиллаж байгаа дундаж жил нь 6.5 байна. Энэ бол сайн үзүүлэлт.
-Ажилтнуудад энэ байгууллагадаа татагдах, үлдэх үнэ цэн бий болжээ гэж харж байна. Ер нь Голомт банкны ажилтнууд цалингийн хувьд болон өөр ямар ямар боломжуудыг эдэлдэг вэ?
-Бид ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тийм ч учраас маш олон ажил горилогч Голомт банкийг сонгож бидэнд ханддаг. Ажилтнуудаа ч мөн карьерын хувьд торон замналаар буюу өөр өөр чиглэлд өөрийгөө сорих боломжийг маш сайн бүрдүүлсэн. Жишээлбэл, тухайн ажилтан маркетингаар ажилладаг бол хүний нөөцөөр ажиллах, дараа нь борлуулалт зэргээр өөрөө зорьж хичээвэл байгууллага дотроо салбар, чиглэлээ солиод ажиллах бүрэн боломжтой.
Цалин хөлсний хувьд бид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ажилтны чадамжид суурилан жил бүр нэмэх бодлого барьдаг төдийгүй хөдөлмөр амжилтыг нь үнэлж улирал, хагас жил тутамд бонус олгодог. Үүнээс гадна тасралтгүй суралцах соёлын талаар өмнө дурдсанчлан олон улсын жишиг бүхий Global growth institute-ийн албан ёсны Монгол дахь төлөөлөгч Гүрүн академитай хамтран “Дэлхийн түвшний менежер” манлайллын сургалтууд, мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэх 400 гаруй онлайн контентоос сонгон суралцах боломжтой. Бид ажилтнуудаа олон улсын хурал, арга хэмжээнд хамруулж, мэргэжлийн чиглэл чиглэлээр нь мэргэшсэн зэрэг авах боломжийг ч мөн олгодог.
Түүнчлэн банк ажилтнуудынхаа хүүхдүүд болон жирэмсний амралтаа авсан ээжүүддээ зориулж тусгай сургалт хөтөлбөр, аав ээжийнх нь ажилтай нь танилцуулах өдөрлөг зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Энэ бол манай ажилтнуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийн нэг. Ажилтнууд маань төрсөн өдрөө цалинтай амрах, 14 хүртэлх насны хүүхдийнхээ төрсөн өдрөөр 2 цагийн цалинтай чөлөө авах гэх мэт дурдвал олон боломжууд бий.
-Олон жил ажиллаж байгаа ажилтнуудаа хэрхэн анхаардаг вэ?
-Хүн тухайн байгууллагадаа 2-3 жил болоод ирэхээр ажилдаа мэргэшиж, үр өгөөжөө өгдөг. Бид олон жил ажилласан ажилтнууддаа 5, 10, 15, 20, 25 дахь жилд нь үнэнч, тууштай ажилтны бэлэг өгч, талархал илэрхийлдэг юм. Бид ажилтнуудаа өдөр бүр эрч хүчтэй, урам зоригтой ажиллахад нь анхаарч, тухтай бүсэд орохоос нь сэргийлж ярилцлагын эхэнд дурдсан сургалтын хөтөлбөрүүд, сэлгээний бодлогыг баримталдаг. Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд 4 жилийн хугацаатай банкны өөр өөр нэгжид ажилладаг. Мэдээж 2000 хүний карьер төлөвлөлтийг нэг бүрчлэн хийх боломжгүйн дээр карьерын хувьд хүн бүрийн зорилго өөр өөр байдаг. Тэгэхээр гол нь хөрвөх боломжийг нь бид нээлттэй бий болгож, мерит зарчмаар албан тушаалаа ахиулах, дэвших, шилжих боломжийг олгодог гэсэн үг.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлийг танд нээлттэй үлдээе.
-Голомт банкны хувьд дэлхийн 94 оронд салбартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work Institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг гардан авсан нь Монголдоо 5 дахь, банк санхүүгийн салбартаа анхдагч байгууллага болсон. Энэ нь бидний баримталж буй ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Та бүхнийг эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж, Голомтын гэр бүлд нэгдэхийг урьж байна.
Ер нь ажлаа сонгохтой холбоотой хамгийн зөв шийдвэр нь тухайн ажил, ажилтан, ажил олгогч байгууллага гэсэн гурван талын төгс нийцэл гэж боддог. Тэгэхээр та өөрийгөө энэ байгууллагад, тухайн ажилд тохирно гэж үзэж байгаа бол эргэлзэлгүй бидэнд хандаарай. Голомт банкны үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.