Нэгэн Япон эр үргэлж л нохой болохыг хүсдэг байжээ. Харин одоо тэр мөрөөдлөө биелүүлж, нохой болж чадсан байна. Бусад хүмүүс эмч, цагдаа, дарга, компанийн эзэн болохыг хүсдэг бол тэр зүгээр л нохой болохыг мөрөөдсөн хэрэг.
Бүх тохиолдлын нэгэн адил энэ санааг хэрэгжүүлэхийн тулд энэ тухай бодох, мөрөөдөх нь хангалтгүй байсан тул тэр илүү бодит оролдлого хийх хэрэгтэй болсон. Эхний ээлжинд тэр нохойн өдөр тутмын амьдралын хэв маягийг судалж, хүзүүвч зүүж, торонд орж, өөрийгөө уядаг байжээ. Дараа нь тэр зорилгодоо хүрэхийн тулд яах ёстойгоо сайн төлөвлөсөн аж. Учир нь өнөөдрийг хүртэл хүнийг нохой болгох шид орчлонд бүтээгдээгүй байгаа.
Тиймээс Токогийн зан байдал нэлээдгүй практикт суурилах шаардлагатай болсон. Тэрбээр эффект болон тусгай загварчлалын чиглэлээр мэргэшсэн компанид колли үүлдрийн нохойны бодит мэт хувцас хийлгэх захиалга өгчээ. Уг хувцсандаа тэрбээр хоёр сая иен буюу 15 мянган ам.долларын хөлс төлжээ.
Токо өөрийн YouTube болон Twitter сүлжээнд нохой шиг амьдрах аяллаа хуваалцахыг хүсч байгаагаа зарлаж, ихээхэн шуугиан тарьсан. Түүний олон нийтийн сүлжээн дэх нөлөөлөл цахим ертөнцөөр тарж, телевизээр гарсан юм.
Олон нийтийн нэлээд хэсэг нь энэхүү өөрчлөлтийг дэмжиж байсан ч шүүмжлэх хүмүүс ч байсан.
"Би энэ мэдрэмжийг ганцаараа хүртэж, сэтгэл хангалуун байх нь дэмий юм шиг санагдсан тул видеогоо олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Гэхдээ ингэж хурдтай тархана гэж огт төсөөлөөгүй" гэж тэр ярьжээ.
Ямартай ч Токо энэ өөрчлөлтийг хийхээр шийдсэн шалтгаан нь юу болохыг тайлбарлаж чадаагүй юм. Яагаад гэж асуухад тэр “Мэдэхгүй. Заримдаа яагаад гэдгээ ойлгодоггүй" хэмээжээ.
Л.Сайнаа