Мексикийн хар тамхины эзэн Хоакин гэгддэг “Эль Чапо” Гузманы эхнэр Эмма Коронел Айспуро хар тамхины наймаа, мөнгө угаасан хэргээр хоёр жил орчим хоригдож байгаад АНУ-ын шоронгоос суллагдлаа. Коронел нөхрийнхөө хар тамхины эзэнт гүрэнтэй холбоотой хэргээ хүлээснийхээ дараа 2021 оны арваннэгдүгээр сард гурван жилийн хорих ял сонссон юм. Мөн түүнд 1.5 сая долларыг хураах шийтгэл оногдуулсан.
"Бид Эмма Коронел Айспуро өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Холбооны Шоронгийн Товчооноос суллагдсаныг баталж чадна. Нууцлал, аюулгүй байдлын үүднээс манай хамгаалалтад байхаа больсон хүмүүсийн талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй" гэж хэвлэлийн төлөөлөгч Рандили Жиамуссо CNN-д цахим шуудангаар мэдэгдсэн байна.
Коронелыг одоогоор Калифорниа мужийн Лонг Бич дэх орон сууцанд нь хянаж байгаа. АНУ, Мексикийн давхар иргэншилтэй Коронел ял авах үеэрээ Гузман болон Синалоа Картелтэй холбоотой байж, учруулсан хохиролдоо гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Мексикийн шоронгоос хоёр ч удаа оргосон Гузман 2019 онд гэмт хэрэг үйлдсэн, хар тамхины наймаа, галт зэвсгийн хэргээр ял сонсоод Колорадогийн "Supermax" шоронд бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм.
Прокурорууд түүнийг Синалоа картел буюу Мексикийн гэмт хэргийн томоохон бүлэглэлийн "харгис хэрцгий, цуст удирдагч" гэж нэрлэсэн. Одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа картелийн гишүүдэд фентанил, метамфетамины хууль бус, үхлийн аюултай худалдаанд оролцсон хэмээн Байдены засаг захиргаа хоёрдугаар сард хориг тавьсан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)