В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг хөдөө орон нутгийн тайзнаа өнөөдрөөс тоглогдох гэж буй. Энэ талаар болон түүний уран бүтээлийн сонин сайхны талаар жүжигчин Г.Ганбаттай цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд энэ жүжигт ямар дүрд тоглож байна?
-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг 2010 онд анх нээлт нь болж байсан юм билээ. Тухайн үед би арван жилийн сургуулийн сурагч байлаа. Миний тоглож буй дүр дээр "Фантастик" продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир ах, дараа нь жүжигчин Э.Тодгэрэл ах тоглож байсан.
Миний хувьд энэ дүр дээр ажиллаж буй гурав дахь хүн нь болж байна. Энэ дүр бол нөхрийн найзын дүр. Эрх чөлөөт залуучуудын төлөөлөл гэх үү дээ. Хөшиг нээгдээд гэнэтийн бэлэг эхэлдэг шүү дээ.
-Соёлын сэргэлт аяны хүрээнд аялан тоглолтоо анх удаа хийж байна уу? Өмнө нь мэдээж бригадаар тоглож байсан шүү дээ.
-Манай театраас жүжигчин солилцоог өргөн хүрээнд зохион байгуулдаг. Энэ хүрээнд жүжигчин М.Тогтохжаргал эгч бид хоёр Увс аймаг руу явчихаад ирсэн.
Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын "Ойрд" театрын уран бүтээлчидтэй хамтран “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигтээ тоглосон.
Мөн найруулагч маань хамт явсан. Одоо дахиад Увс аймаг руу явах гэж байгаад баяртай байна. Энэ жил Увс аймгаас салахгүй л байна.
-Хөдөө орон нутгаар явахад тухайн газрынхаа үзэсгэлэнт байгальд амрах зав чөлөө гардаг уу?
-Бараг л тийм зав байхгүй дээ. Хөдөө орон нутагт бригадаар явахад өглөө хүүхдийн жүжиг тоглоод, цаг завсарлав уу үгүй юу буцаад өдрийн жүжгээ тоглодог. Дундаа цаг завсарлаад орой жүжиг тоглоно гээд ачаалал маш их байдаг. Үзэгчид их байвал шөнө дахиад жүжгээ тоглох ч үе бий.
-"Гэгээн Муза" наадам удахгүй болох гэж байна. Таны тоглосон “Сычуаны сайн хүн” жүжиг гуравдугаар шатандаа шалгарчихсан байгаа юм билээ?
-Тийм ээ. "Гэгээн Муза" наадмыг жил болгон их хүлээдэг. Манай театрын хоёр жүжиг шалгараад үлдчихсэн байгаа. “Миний аав супер баатар”, “Сычуаны сайн хүн” хоёр жүжиг шалгараад, гурав дахь шатандаа орох гэж байна. Тийм учраас энэ жүжгүүдээ дахин тоглосон. Жүжгээ дуусаад хувцасаа сольж дуусаад, нүүр будагтайгаа шууд Увс аймаг руу хөдөлнө.
Д.Батчулуун