Ливийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр далан нурж, хүчтэй үер буусны улмаас 5000 гаруй хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн сураггүй алга болсон гэж таамаглаж байна.
Ливи дэх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийн тэргүүн Тамер Рамадан мягмар гарагт Швейцарийн Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сураггүй алга болсон хүмүүсийн тоог хэлжээ. "Амиа алдсан хүмүүсийн тоо асар их байна" гэж тэр дурдав.
Доод тал нь 5,300 хүн нас барсан гэж Ливийн зүүн нутгийн засгийн газрын Дотоод хэргийн яам мягмар гарагт мэдэгдсэн. Энэ тоо анхандаа 2000 гэгдэж байсан ч цаашид улам бүр өсөх хандлагатай байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн 145 нь египет хүн байсан гэж Ливийн зүүн хойд хэсгийн Тобрук хотын албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдэв. Хамгийн ихээр сүйрсэн Дерна хотод 6000 орчим хүн ор сураггүй алга болсон гэж Ливийн зүүн нутгийн засаг захиргааны Эрүүл мэндийн сайд Отман Абдулжалил Ливийн "Алмасар" телевизэд ярьжээ.
Эрх баригчдын мэдээлснээр тус хотод бүхэл бүтэн хорооллууд усанд автаж, байшин барилга ихээр сүйдсэн тул гамшгийн хэмжээг тодорхойлоход хугацаа шаардлагатай байгаа аж.
Л.Сайнаа