В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг тун удахгүй хөдөө орон нутгийн тайзнаа тоглогдох гэж буй. Энэ талаар болон түүний уран бүтээлийн сонин сайхны талаар жүжигчин, СТА М.Тогтохжаргалтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд энэ жүжигт ямар дүрд тоглож байна?
-Та бүхэнд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн эсрэг талын дүрд тоглож байгаа. Хэдий эсрэг дүр ч гэсэн жүжигчин хүн дүрээ өмөөрч тоглолгүй яах вэ. Аз жаргалыг, гэр бүлийн нандин зүйлийг хайсан эмэгтэйн талаар өгүүлэх дүр л дээ.
-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг өмнө нь хэд хэдэн удаа тавигдаж байсан шүү дээ. Энэ удаагийн тавилтын онцлог юу байгаа вэ?
-Энэ удаагийн жүжгийн онцлог бол Соёлын сэргэлт аяны хүрээнд бид явж байгаа. Хавар жүжигчин Г.Ганбат бид хоёр Увс аймгийн Улаангом хотын хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийсэн. Энэ удаад МУГЖ Ж.Оюундарь эгч, СТА Н.Ялалт ах хоёртойгоо хамтран тоглож байна. Ингээд бид дөрөв Увс аймаг руу явах гэж байна.
-Тун удахгүй хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах нь ээ?
-Жүжгээ тоглож дуусаад л орой нь Увс аймаг руу хөдөлнө. Бид хавар, намар байнга бригадаар явж тоглолтоо хийдэг. Хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ байнга уулздаг л даа. Ямарваа нэг уран бүтээл хэлэх өнцөгтэй, зорилготой байдаг шүү дээ. Энэ жүжгийн тухайд хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнэ юун дээр оршдог, юун дээр тогтдог болох, нандин хайр дурлал гэж байдаг талаар өгүүлсэн маш сайхан уран бүтээл байгаа.
Иймд хөдөө орон нутгийн маань үзэгчид биднийг зорин ирж үзээсэй хэмээн хүсэж байна.
-УДЭТ засвартай байгаа ч уран бүтээлчид нь уран бүтээлээр арвин байгаа бололтой?
-Тийм ээ. Театр засварт орчлоо гээд бид зүгээр суусангүй. Бид маш их ажилтай байлаа. Бид нэг уран бүтээл хийх гэж хоёроос гурван сар бэлтгэл хийдэг. Тийм болохоор одоо ч гэсэн бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсээр байна. Тун удахгүй “Гэгээг Муза” наадам болох гэж байна. “Гэгээн Муза” наадамд “Сычуаны сайн хүн”, “Миний аав супер баатар” хоёр жүжиг маань гуравдугаар шатанд шалгарсан.
-Бригадаар явахын хамгийн сайхан зүйл нь таны хувьд юу вэ?
-Бид театрын урлагийн хүмүүс учир соёл урлагийг олон түмэнд мэдүүлэн таниулах үүрэгтэй явдаг. Хүүхэд багачууд маань театр урлагаар хүмүүжих юм бол нийгэмдээ хэрэгтэй хүмүүс болно гэдэг утгаараа бид маш их зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хөдөө орон нутгаар явахаар их гоё байдаг. Байгууллагаараа дамжуулан Монгол Улсынхаа аймгуудаар очиж үзэж байна. Гэр бүлээрээ хамтдаа зориод очиж чаддаггүй шүү дээ. Аймгуудын үзэсгэлэнтэй газрыг тэр бүр үзэж чаддаггүй л дээ. Гэхдээ цаг гаргаад ганц хоёр газрыг үзэж сонирхдог.
-Таны хувьд уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Миний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Увс аймгийн уран бүтээлчидтэйгээ хамтарсан уран бүтээл дээр ажилласан.
Мөн Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран “Асарын өндөр” жүжигт тоглосон. Тун удахгүй “Асарын өндөр” жүжиг Улаанбаатар хотод тоглогдох төлөвлөгөөтэй байна даа.
Энэ жил хөдөө орон нутгаар их тоглолтуудтай байлаа. Мөн Булган аймгийн хөгжимт драмын театрын хамт олонтойгоо ирэх сарын эхээр хамтран уран бүтээл дээр ажиллана.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа.
Д.Батчулуун