Монголын рок попын ууган хамтлаг болох “ Чингис хаан” хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд гурван өдөр дарааллан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт нь 2023 оны есдүгээр сарын 16-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Тоглолтын талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр албан ёсоор хийж, энэ үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ, “Монгол Улсын тусгаар тогтнолын бас нэгэн тулгуур хэсэг болсон урлаг соёл, түүний дунд рок попын урлагтай амьдралаа холбож ирсэн хэсэг нөхөд “Чингис хаан” нэрийн дор 30 гаруй жил уран бүтээлээ хийж ирлээ.
“Яагаад заавал хойшоо харах ёстой байсан юм бэ” гэж зарим хүн асуудаг л даа. Бидний үед энэ хүний тухай, энэ цаг үеийн тухай уншиж судлахаас илүү нэрийг нь ч хэлж чадахгүй тийм үед ажиллаж амьдарч байсан. Тийм болохоор яалт ч үгүй Монголын өнгөрсөн түүх, их гүрнийг дэлхийн сонорт хүргэсэн энэ агуу их хааны тухай монгол хүн дуулахаас өөр улсын хамтлаг дуучид тэр болгон хэлж чадахгүй байх гэж дотроо найдаж уран бүтээлийн шинэ хуудсаа нээсэн.
Баруун Германд “Чингис хаан”, Англид “Хубилай хаан” гээд хамтлаг байдаг. Тэр ч байтугай Англид “Хар хорин” гээд рок хамтлаг бий. Гэвч Монголын өнгөрсөн түүхийг монголчуудаас илүү дуулна гэж би итгэдэггүй. Энэ утгаараа “Чингис хаан” хамтлагийнхаа нэрийг нуруун дээрээ үүрч явсан. Ямар ч байсан уран бүтээлийн хувьд нэг их эргэж харахаасаа илүү өнөөдрийн амьдралаа дуулах, маргаашийн амьдралдаа санаа зовнисон тэр үнэн сэтгэлээр дуулахыг хичээж ирсэн. Үзэгч олондоо арван хэдэн жилийн дараа тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна” гэв.
"ХХI зуун" тоглолтын тасалбарыг ЭНД дарж аваарай.