В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг тун удахгүй хөдөө орон нутгийн тайзнаа тоглогдох гэж буй. Энэ талаар болон театрын урлагийн сонин сайхны талаар МУГЖ Ж.Оюундарьтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тун удахгүй хөдөө орон нутагт тоглогдох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье.
-Та бүхэнд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг анх Н.Наранбаатар найруулагчийн удирдлага дор, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тавигдаж байлаа. Энэ жүжиг бол хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнэ, хүндлэл гэж юу байдаг талаар өгүүлдэг. Мөн бид биедээ ийм зүйлсийг хэлж чаддаггүй болохоор гомдол, гуниг бий болдог юм байна гэдгийг маш яруу тодоор харуулж өгдөг. Энэ жүжгийг бид Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Увс аймагт есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тоглох гэж байгаа.
-Тэгэхээр энэ жүжиг зөвхөн хөдөө орон нутгийн үзэгчдэд зориулагдах нь ээ?
- УДЭТ маань засвартай байгаа л даа. Тун удахгүй арваннэгдүгээр сард будаг үнэртүүлсэн театрынхаа тайзан дээр шинэ уран бүтээлийнхээ үйл ажиллагааг явуулна. Мөн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ УДЭТ-ынхаа тайзнаа тоглолгүй яах вэ. Улаанбаатар хотод нээлтийн үйл ажиллагаа явагдсаны дараа Увс аймгийн 19 сумаар хуваагдаж аялан тоглолтоо хийх гэж байгаа юм л даа. Хуваагдахын зэрэгцээ, энэ жүжгийн зарим баг бүрэлдэхүүн Завхан, Өвөрхангай, Архангай аймагт очиж тоглоно.
- Соёлын сэргэлт аяны хүрээнд аялан тоглолтоо анх удаа хийх гэж байна уу? Өмнө нь мэдээж бригадаар тоглож байсан шүү дээ.
- Энэ жил Соёлын яамнаас Соёлын сэргэлт аяныг зохион байгуулж байгаа. Бид үүнээс өмнө хавар, намартаа бригадаар явж театрынхаа уран бүтээлийг хөдөөгийн хөдөлмөрчдөдөө тоглож үзүүлдэг уламжлал тогтсон гэхэд болно доо. Үзэгчдийнхээ оюунд бага зэрэг дэм болох байдлаар ингэж явж байгаад маш их баяртай байдаг.
Үзэгчид биднийг сайхан хүлээж авна гэдэг бол үзэгчдийн суудал дүүрэн байж, энэ үйл ажиллагааг олон түмнээрээ сонирхон үзэж байвал бидний бригадаар явсны үр дүн нь тэр юм.
-"Гэгээн Муза" наадам тун удахгүй болох гэж байна. Одоо гуравдугаар шат нь болох гэж байгаа шүү дээ. УДЭТ олз омог ихтэй юу?
Тийм ээ. Бидний хүсэн хүлээдэг "Гэгээн Муза" наадам удахгүй болох нь. Энэ удаагийн наадамд олон улсын театрын бага бүрэлдэхүүнүүд ирнэ. Манай театрын хоёр жүжиг шалгараад үлдчихсэн байгаа. “Миний аав супер баатар”, “Сычуаны сайн хүн” хоёр жүжиг шалгараад, гурав дахь шатандаа орох гэж байна.
-Театр бол амьд харилцаан дээр тулгуурладаг. Иймд хот хөдөөгийн үзэгчдийн сэтгэл хөдлөл хүртэл өөр байдаг байх?
-Тийм ээ. Театрын үзэгчдийн тухайд Улаанбаатар хот дотроо хүртэл ялгаа бий л дээ. Анх удаа жүжиг үзэж байгаа, жүжиг үзэж сурсан, сураагүй хүн гэж байна. Гэхдээ энэ бүхэн уран бүтээлч бидэнд сонин биш. Бид уран бүтээлээ үзэгч түмэндээ хүртээмжтэй үзүүлж байгаа нь чухал шүү дээ.
-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн дүрийнхээ талаар хуваалцахгүй юу?
-“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн миний дүр бол гэр бүл, гэр бүлийн багана тулгуур гэж юу байдаг талаар өгүүлэх эхнэрийн дүрийг бүтээж байгаа. Нийтлэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эхнэр хүний дүр. Аливаа зүйлд жижиг юм шиг хэр нь бид юуг тоохгүй өнгөрөөж, нэг нэгнийгээ гомдоож, баярлуулж байгаа тухай энэ жүжигт маш тодорхой харуулж чадсан гэж боддог.
-Уг жүжиг 2011 оноос хойш тоглогдож байгаа юм билээ. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байгаа вэ?
-Энэ удаагийн жүжгийн онцлог бол жүжигчин Н.Ялалт энэ жүжгийн нэгээхэн хэсэг болон орж ирж буй. Өмнө нь жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглож байсан юм. С.Болд-Эрдэнэ маань "Тамгагүй төр" жүжгээр гадагшаа явах гэж байгаа.
-УДЭТ-ын сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-“Номын бэлэг-билгийн ундарга” гээд аяныг зохион байгуулж байна. Үүнд ард түмэн маань маш идэвхтэй оролцож байна. Үүнээс гадна “Хайрын виз” жүжиг есдүгээр сарын 28-наас тоглож эхэлнэ. Манай театр уран бүтээлээр маш арвин, ажил гэж ундарч л байна даа.
Д.Батчулуун