Өнөөдөр “Бичиг үсгийн олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн есдүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.
ЮНЕСКО-гоос энэ жилийн Олон улсын бичиг үсгийн өдрийг "Шилжилтийн үеийн дэлхийн бичиг үсгийг дэмжих нь: Тогтвортой, энх тайвны нийгмийн үндэс суурийг бүрдүүлэх нь" уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-ын системийн өдрүүдийн нэг "Бичиг үсгийн олон улсын өдөр"-өөр бүх нийтээр бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулах, хүн бүр бичиг үсэгтэй болох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг аж.
Бүх нийтийн бичиг үсгийн боловсролын асуудал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Хөгжлийн хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг болж байна.
Дэлхийн улс орнуудын удирдагчдын 2015 оны 9 дүгээр сард баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь нийт иргэдийг чанартай боловсрол, тэгш суралцах боломжоор хангахыг дэмжиж, Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтод хүүхэд залуучуудад бичиг үсгийн чадвар эзэмшүүлэх, ийм чадвар дутмаг насанд хүрэгчдэд мэдлэг олж авах боломжийг олгоход чиглэжээ.