Грект сүүлийн хоёр өдрийн турш хүчтэй аадар борооны улмаас гудамж талбай үхлийн аюултай гол мөрөн болж, байшин барилга, гүүр нурж, тосгонууд бүхэлдээ усанд автсан байна. Үерээс 800 гаруй хүнийг аварсан тухай орон нутгийн албаныхан мэдэгдэв.
Хүчтэй шуурга Болгар, Туркт ч хүрч, гурван улсын хэмжээнд дор хаяж 16 хүн амь үрэгдсэний зургаа нь Грект амиа алдсан байна. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том үер ажээ.
Волос боомт хот, түүний эргэн тойрон дахь уулархаг Пелион бүс, Кардица, Трикала хотууд хамгийн их хохирол амссан бүс нутгийн тоонд орсон байна. Грекийн цаг уурын албаны мэдээлснээр бороо олон хоног үргэлжилж байгаа ч пүрэв гарагийн үдээс хойш намдах төлөвтэй байгаа. Тус улсын зарим хэсэгт хоёр метр давсан үерийн усанд боогдсон хүмүүсийг аврах ажиллагаа одоо үргэлжилж байна.
Грекийн мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн видео бичлэгүүд нь Кардица хотын ойролцоох тосгоны оршин суугчид гэр нь усанд автсаны дараа аюулгүй газар хайн усанд сэлж байгааг харуулжээ. Бусад тосгоны оршин суугчид байшингийнхаа усанд живээгүй цорын ганц хэсэг болох дээвэр дээрээ авирч тусламж дуудаж байгаа харагдав.
Кардицагийн ойролцоох таван тосгон үерт автаж, дор хаяж зургаан хүн сураггүй болсон гэж Грекийн иргэний хамгаалалтын сайд Василис Кикилиас пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.
Л.Сайнаа