Ирланд улсад төвтэй "Ryanair" компанийн гүйцэтгэх захирал Майкл О'Лири өнгөрсөн пүрэв гарагт Бельгийн Брюссель хотод айлчлах үеэрээ уур амьсгалын идэвхтнүүдийн дайралтад өртжээ. О'Лири Европын комиссын байрны гадаа агаарын хөдөлгөөний удирдлагын ажил хаялтын үеэр "далайн нислэг"-ийг хамгаалахыг уриалсан өргөдөл гаргахаар бэлтгэж байтал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид түүнийг цөцгийтэй бялуугаар нүүрэнд нь цохисон байна.
Агаарын тээврийн компанийн босс Европын удирдагчдыг Францын агаарын орон зайгаар нислэг үйлдэхдээ Францын нутаг дэвсгэрт хөөрөх, буухгүй байхыг зөвшөөрч, тухайн улсын нислэгийн удирдагчдын ажил хаялтын дараа тогтоосон хязгаарлалтаас чөлөөлөгдөхийг уриалав. "Ryanair" олон нийтийн гишүүдээс онлайн өргөдөлдөө 1.8 сая гарын үсэг цуглуулсан гэж мэдэгдэв. Энэ үйл явдлыг дүрс бичлэгт буулгасан бөгөөд идэвхтнүүд “Бельгид тавтай морил. Новшийн онгоцны бохирдлыг зогсоо" гэж хэлээд бялуугаа нялжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын 2 хувийг агаарын тээврийн салбар эзэлж байгаа гэнэ. Европын хамгийн том агаарын тээврийн компанийн тэргүүн тэрбээр бялууг амталсныхаа дараа хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцаж, “Бид өргөдлийг хэлэлцэхээр энд ирлээ. Би кремтэй бялуунд дуртай. Угаас миний хамгийн дуртай зүйл байсан" гэж хэлээд, дараа нь тэр гар дээрээ тогтсон бялууны цөцгийн тосыг долоож, "Энэ амттай бялуу байна" гэжээ.
Тус компани зургадугаар сард 663 сая евро буюу 735 сая ам.долларын ашиг олсон байна.
Л.Сайнаа