БАРИМТ 1
Тэрбээр 1995 онд Завхан аймагт төржээ.
БАРИМТ 2
Арван жилийн сургуулиа нийслэлийн 77 дугаар сургуулийг төгссөн.
БАРИМТ 3
2017 онд Монгол Улсын их сургуулийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгсжээ. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад уран бүтээлчийнхээ замыг сонгосон байна.
БАРИМТ 4
Б.Өлзий-Учрал айлын ганц хүүхэд. Тэрбээр ээж, эмээтэйгээ өсжээ. Түүний ойрын хүрээлэлд тун цөөн тооны хүмүүс байсаар иржээ.
БАРИМТ 5
Тэрбээр уран зохиолын болон бие хүний хөгжил рүү чиглэсэн ном унших дуртай.
БАРИМТ 6
Мөн багадаа шүлэг бичиж, юм бодоод суудаг хүүхэд байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 7
Тэрбээр Реппэр Gee, Desant, Rokit Bay гэх мэт монгол уран бүтээлчдийг болон гадаадаас Eminem-ийг их сонсож өсжээ.
БАРИМТ 8
Арван жилдээ бусад хүүхдүүд шиг байгаагүйдээ харамсдаг тухайгаа сошиал орчинд хэлж байв. Тухайлбал, зожиг байсан болохоор хүмүүстэй гарч ороод, охинтой ч үерхэж үзээгүйдээ харамсдаг аж.
БАРИМТ 9
Монголын хөгжмийн урлагт нэгэн тод өнгө болж яваа уран бүтээлчид бол “Тоонот”-ынхон. Тэдний нэг бол Б.Өлзий-Учрал юм.
БАРИМТ 10
Б.Өлзий-Учралын уран бүтээлийн тайзны нэр бол ThunderZ билээ. Түүнийг сургуулийнхаа 70 жилийн ойн баярт дуулсны дараа сургуулийнхан нь "Тундер " гэж хочилдог байв. Харин реп дэмбээд "тандер" гэж бүтгүүлснээс хойш тайзны нэр нь ThunderZ болжээ. Англиар “Thunder” гэдэг нь аянга цахилгаан гэсэн утгатай үг юм.
БАРИМТ 11
Тэрбээр арван жилийн сургуульдаа үндэсний бөхийн секцэд явдаг байжээ. 2011 онд Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын гиннесийн номд бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд оролцсон удаатай. Хэдийгээр тэр бөх болж чадаагүй ч үндэсний бөхөд их хорхойтой, зурагтаар гарч буй барилдаануудыг үзэх дуртай аж.
БАРИМТ 12
Мөн тэрбээр 2014 онд ''Univers best songs '' тэмцээнд дөрөвдүгээр шат хүртлээ оролцсон.
БАРИМТ 13
2016 онд "Backyard label”-ээс зохион байгуулсан Монголын анхны хип хоп сонирхогч залуусын шоу тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж байсан нэгэн. Thunderz уг уралдааны ялагч болсноор Desant, Jacool, Ratabuzz нартай хамтран уран бүтээл туурвих эрх болон бусад шагналыг эзэн болж байв.
БАРИМТ 14
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Амьд явах, амьд яваагаа мэдрэхийн тулд гэж хэлнэ дээ. Угтаа бид бүгдээрээ л амьдарч байгаа л даа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд тэдний дийлэнх нь яг л робот шиг хүсэл тэмүүлэлгүй, гал цоггүй болчихсон юм шиг санагддаг. Миний хувьд дуртай юмаа хийж, ингэснээр амьдарсан шиг амьдарч байна гэдгээ мэдрэх гэж уран бүтээл хийдэг” хэмээн ярьж байв.
БАРИМТ 15
ThunderZ хамгийн эхэнд уран бүтээлээсээ гоё мэдрэмж авч, дараачийн үеийн залууст эергээр нөлөөлөхийг хүсдэг аж. Харин хоёр, гуравт нь алдар нэр гэхчлэн эргээд олж болох зүйлсээ тавьдаг гэнэ.
БАРИМТ 16
Тэр 2018 оноос боксын спортоор хичээллэж эхэлжээ. Багадаа биеийн тамирын хичээлд идэвх муутай, биеийн хөгжил тааруу хүүхэд байжээ.
БАРИМТ 17
Тэрбээр нэг ч удаа тамхи татаж үзээгүй аж.
БАРИМТ 18
Түүний уран бүтээлүүд өнөө цагийн хит дуунууд болсоор байгаа. Гэвч тэрбээр өөрийнхөө уран бүтээлд 100 хувь сэтгэл ханаж байсан удаагүй.
БАРИМТ 19
Харин “Байгаагаар минь хүлээн авах уу” дуундаа сэтгэл ханамж өндөртэй буюу хамгийн дуртай дуу нь юм. Энэ дуу түүний дотоод мэдрэмжийг нэлээд дөхүү гаргаж чадсан аж.
БАРИМТ 20
Б.Өлзий-Учралын гол зарчим бол тэвчээртэй, тууштай байх юм.
БАРИМТ 21
“Bad days” дуугаа тухайн үеийн найз охиноо бодож, зохиож байжээ.
БАРИМТ 22
Түүний хамгийн дуртай үг бол “Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг” гэдэг үг юм. Энэ үг тун удахгүй гэрэл гарна аа гэсэн утгатай.
БАРИМТ 23
2016 онд BACKYARD тэмцээний ялагч болсон үеэс эхлэн тасралтгүй 10 жилийн турш уран бүтээл туурвижээ. Байгаагаар минь хүлээн авах уу?, Ганцхан шалтгаан, Бүгд тэгээс эхэлдэг, Дандаа даардаг охин, Хатуу, Оюутан, I am man, Ноён эмэгтэй зэрэг уран бүтээлүүдээрээ сонсогч бидний сэтгэлийг хөдөлгөж, сонорыг мялаасан билээ.
БАРИМТ 24
Тэрбээр анхны бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо энэ жил хийх гэж буй. Түүний тоглолт болоход ердөө нэг хоног үлдээд байна.
Сэтгэгдэл (1)