"Гэгээн Муза 17" олон улсын театрын наадам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд, Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадмын эхний шатанд 22 орны 33 бүтээл ирснээс манай улсаас гадна Герман, Польш, Япон, БНСУ зэрэг найман орны бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулжээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй дөрвөн шүүгч зочин шүүгчээр оролцож байна. Тодруулбал, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пун, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумуту Ацуши, Словени Улсын Любляна Младинско театрын уран сайхны удирдагч, жүжгийн зохиолч Татьяана Ажман, Гүрж Улсын тайзны урлаг судлалын ухааны доктор, профессор Леван Хетагури нар ажиллаж байгаа аж.
“Гэгээн муза – 10” наадмаас Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш олон улсын наадам болж өргөжжээ. Мөн бусад улс орноос оролцож буй уран бүтээлчид болоод бүтээлийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жил зохион байгуулах хуваарьтай байсан ч энэ жил Монголын театрын урлагийг үндэслэгч Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа тул тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
“Гэгээн муза” наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-д шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн. Тиймээс энэ удаад бүтээлүүдээ дөрвөн төрөлд шалгаруулахаар болжээ.