Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлээ. СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц” сан хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд түүний “Мөрөөдөл”, “Өвлийн үдэш”, “Капитализмыг алгасагч”, “Жаахан шаргын нутагт” зэрэг алдартай уран бүтээлүүдээс гадна олон олон шавь нарынх нь бүтээл туурвилыг мөн дэлгэжээ. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Д.Амгалан 1962-1990 онд МУЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдон, 1969 онд “Өлгий нутгийн минь өглөө”, “Ерөөл” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал, 1975 онд Монгол Улсын “Ардын зураач”, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.
Гэрэл зургийг: Бямба-Очир