Ойролцоогоор найман фунт алт, 6,426 ширхэг алмаазаар хийгдсэн, Хатан хаан II Елизабетагийн амьдралыг харуулсан шинэ зоос нь бүх цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй зоосонд зүй ёсоор тооцогдож магадгүй байна. Үнэн хэрэгтээ энэ тансаг зоосыг бүтээгч бүтээлээ ойролцоогоор 23 сая ам.доллараар үнэлжээ.
Хатан хаан Елизабета нас барсны нэг жилийн ой болохоос хэдхэн хоногийн өмнө буюу даваа гарагт нээлтээ хийсэн уг дурсгалын зоос нь Их Британид хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж тооцогддоггүй. Үүнийг нэгэн цагт Британийн эзэнт гүрний томоохон хэсгийг хянаж байсан, амьдралын хэв маягийн брэндийг эрхэмлэгч Зүүн Энэтхэгийн компани үйлдвэрлэсэн.
"The Crown" гэх нэртэй тус компани өөрийн бүтээлээ "objet d'art" гэж тодорхойлсон байна. Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй зоосоор Гиннесийн дээд амжилтыг 2021 оны зургадугаар сард Нью-Йоркийн "Sotheby's"-д 18.9 сая доллараар үнэлүүлсэн 1933 оны ховор "Хос бүргэд" зоос шалгарсан байдаг.
Харин хатан хаанд зориулан бүтээсэн уг зоос нь 9.6 инч диаметртэй бөгөөд NBA-ийн дүрэмд заасан сагсан бөмбөгөөс илүү өргөн, очир эрдэнийн дэвсгэр дээр байрлуулсан 24 каратын 10 гаруй алтан зоосноос бүрджээ. Гол хэсэгт байрлах зоос нь хоёр фунт стерлингээс илүү жинтэй бол түүнийг тойрсон жижиг зооснууд нь тус бүр нэг унц жинтэй гэнэ.
Нэг талдаа нь олон мянган очир алмаазыг Их Британийн далбааг санагдуулахаар байрлуулсан бол урвуу талыг нь талийгаач хатан хааны тиараас санаа авсан байна.
Бүтээсэн компани уг зоосыг олон сая доллараар үнэлсэн нь Их Британи, Энэтхэг, Сингапур, Герман, Шри Ланкийн гар урчууд, мэргэжилтнүүдийн бүтээлдээ ашигласан материалын чанар, гар урлалын үйл явцтай холбоотой гэж мэдэгджээ.
Зүүн Энэтхэгийн анхны компани нь 1874 онд татан буугдахаасаа өмнө бараг 300 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэтхэг гаралтай бизнесмен Санжив Мехта 2005 онд нэрийн болон дагалдах сүлдний эрхийг олж авч, таван жилийн дараа дахин тансаг амьдралын хэв маягийн брэнд болгон гаргажээ.
Л.Сайнаа